Герман хэлийг орчинд нь үнэ төлбөргүй сурч, үргэлжлүүлэн Герман улсын их, дээд сургуульд элсэн суралцах хамгийн боломжтой гарцын нэг бол Ау-Пэйр буюу Хүүхэд-Асрагч хөтөлбөр юм.

Өөрөөр хэлбэл Хүүхэд-Асрагч нь Герман айлын нэг гэр бүлийн гишүүн нь байж, хүүхдүүдийн харахын зэрэгцээ Герман хэлний одоогийн мэдлэгээ улам сайжруулах боломжтой нэг жилийн хугацаанд үргэлжлэх соёлын солилцооны хөтөлбөр юм.

Герман хэлийг үнэ төлбөргүй сурах боломжыг энэ хөтөлбөр нь танд олгох бөгөөд хамгийн чухал нь үргэлжлүүлэн дараагийн сургалтандаа хамрагдах боломж бүрэн нээлттэй байдгаараа онцлог юм. Тус хөтөлбөрт хамрагдсанаар дараах боломжууд таны өмнө нээлттэй:

  • Герман улсдаа үргэлжлүүлэн их, дээд сургуульд элсэн суралцах
  • Герман улсдаа үргэлжлүүлэн онол, практик хосолсон мэргэжлийн сургалтанд элсэн суралцах
  • Герман улсдаа үргэлжлүүлэн ( FSJ) сайн дурын ажилтанаар ажиллах

Хүүхэд-Асрагч хөтөлбөрт 18-26 насныхан хамрагдах боломжтой байдаг.  Хөтөлбөрийн явцад өдөрт ойролцоогоор 5-6 цаг, 7 хоногт 30 цаг ажиллана. Ажлын үндсэн үүрэг нь тухайн айлынхаа хүүхдийг цэцэрлэг, сургуульд нь явахад бэлтгэх эсвэл хүргэж өгөх, авах, хооллох, хамт зугаалах ба тоглох, гэрийн даалгавар хийхэд нь болон орондоо ороход нь туслах, мөн гэр орны өдөр тутмын хөнгөн ажилд оролцох гэх мэт.

Улмаар зочин айлын зүгээс хөтөлбөрт оролцогчыг Герман хэлний сургалтанд хамруулах, тав тухтай бүрэн тавилагжсан өрөө болон бусад хэрэгцээт зүйлээр хангахын зэрэгцээ эрүүл мэнд болон ослын даатгалд хамруулж, мөн сар бүр халаасны мөнгө олгодог.

Мөн түүнчлэн жилд 4 долоо хоног цалинтай амрах тул Шенгений 26 орноор аялаж бусад орны соёлтой танилцах, эсвэл зочин айлынхаа гишүүдтэй төлөвлөгдсөн аялалаар газар үзэж Герман орны түүх, байгалийн үзэсгэлэнт газруудаар зочлох зэрэг бусад олон давуу тал энэ хөтөлбөрт бий.

Эцэст нь хэлэхэд, тус хөтөлбөрт оролцохыг хүсэгчдэд тавигдах шаардлага тун энгийн. Герман хэлний суурь мэдлэг буюу А1 түвшний мэдлэгтэй, эрүүл мэндийн асуудалгүй, хүүхэд харж байсан туршлагатай, харилцааны соёлтой, хамгийн чухал нь Герман улсад туршлага хуримтлуулж хэлээ сайжруулж, шинэ хүмүүстэй, шинэ соёлтой  танилцах  хүсэл тэмүүлэлтэй хүн бүрт энэ хөтөлбөрийн үүд хаалга нээлттэй.