Германы бэлтгэл коллеж нь их дээд сургуульд элсэн суралцах төлөвлөгөөтэй өргөдөл гаргагчдыг урьдчилан бэлтгэдэг “гүүр” бөгөөд ихэвчлэн олон улсын өргөдөл гаргагчдад зориулагдсан байдаг. Бэлтгэл коллежийн хичээлийг маш чадварлаг, мэргэшсэн багш нар удирдан явуулдаг.

Таны эх орондоо авсан бүрэн дунд боловсролын гэрчилгээ нь Германы дээд боловсролын элсэлтийн шаардлагыг хангаж чадахгүй юм. Учир нь сургуулийн тогтолцоо, хичээлийн агуулга, сургуульд хамрагдах хугацаа зэрэг нь Германыхаас эрс ялгаатай байдаг тул та их сургуульд амжилттай суралцахын тулд эхлээд Бэлтгэл коллежид хамрагдах хэрэгтэй. Монголын сурагчид ЕБС-иа төгсөөд ЭЕШ-ын 5 хичээл дээр тус бүр 560 дээш оноо авсанаар Герман улсын бэлтгэл коллежд хамрагддаг журамтай.

Таны суралцахаар сонгосон бэлтгэл коллеж тус бүрийн вебсайт дээр элсэлтийн болон төгсөлтийн шалгалтын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл байдаг. Гэхдээ ерөнхийдөө бол бэлтгэл коллеж бүрийн хичээлийн агуулга, элсэлтийн шаардлага, гол зорилго нь ижил юм. Feststellungsprüfung буюу төгсөлтийн шалгалтанд тэнцэж байж Германы аль ч их сургуульд элсэн суралцах болзол хангах юм.

Бэлтгэл коллежийн өрсөлдөх чадварыг өргөдөл гаргагчид, багш нар, боловсролын салбарт мэргэшсэн мэргэжилтнүүд, сургалтын агуулга, заах арга барил зэрэг нь харуулж байдаг.

Бэлтгэл коллежийн хичээл Герман хэл дээр явагддаг.

Бэлтгэл коллежийн төрлүүд

Бэлтгэл коллеж нь дотроо их сургуулийн эсвэл хэрэглээний шинжлэх ухааны их сургуулийн гэсэн хоёр төрөл байдаг. Хэрэв та их сургуулийн бэлтгэл коллежийн төгсөлтийн шалгалтыг амжилттай өгсөн бол их сургууль эсвэл хэрэглээний шинжлэх ухааны их сургуулийн алинд ч суралцах боломжтой. Хэрэв та хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн бэлтгэл коллежийн шалгалтанд тэнцсэн бол ихэнх тохиолдолд их сургуульд элсэн суралцах боломжгүй, зөвхөн хэрэглээний шинжлэх ухааны их сургуульд л суралцах боломжтой байдаг.

Төрийн болон хувийн өмчит бэлтгэл коллеж

Их дээд сургуулийн эсвэл хэрэглээний шинжлэх ухааны их сургуулийн дэргэдэх бэлтгэл коллеж гэсэн ангилалаас гадна хувийн болон төрийн өмчит гэсэн ялгаа бий. Улсын  бэлтгэл коллеж нь ихэвчлэн сургалтын төлбөргүй бөгөөд амжилттай төгссөнөөр Германы аль ч их сургуульд элсэн орох боломжтой. Харин хувийн бэлтгэл коллеж нь ихэвчлэн сургалтын төлбөртэй байдаг ба Герман улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээ олгодог эсэхийг мэдэх нь чухал юм.

Бэлтгэл коллежийн санал болгодог сургалтууд

Их сургуулийн бэлтгэл коллеж дараах мэргэжлийн сургалтуудыг явуулдаг. Үүнд:

  • М-курс: анагаах ухаан, биологи, эм зүйн чиглэл
  • Т-курс: математик, шинжлэх ухаан, техникийн чиглэл
  • W-курс: бизнес, эдийн засаг, нийгмийн ухааны чиглэл
  • G-курс: хүмүүнлэгийн эсвэл Герман судлалын чиглэл
  • S-курс: хэл шинжлэлийн чиглэл

Хэрэглээний шинжлэх ухааны их сургуулийн бэлтгэл коллеж дараах мэргэжлийн сургалтуудыг санал болгодог.

  • TI-курс: техник, инженер
  • WW-курс: эдийн засаг, бизнес
  • GD-курс: дизайн, урлаг
  • SW-курс: нийгмийн ухаан

Бэлтгэл коллежийн төлбөр – Бэлтгэл коллежид хамрагдахад хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

Улсын өмчит бэлтгэл коллежид суралцахад сургалтын төлбөр байхгүй ч сонгосон бэлтгэл коллежоос хамааран нэг семестрийн хураамж дунджаар 100-400 еврогийн хооронд байдаг. Мөн та эрүүл мэндийн даатгалын төлбөр төлөх ёстойгоос гадна ном сурах бичиг, сургалтад ашиглах бусад материал худалдаж авах шаардлагатай болно. Германы амьжиргааны өртөг өндөр учраас түрээс, хувцас, хоол хүнс гэх мэт зардалд сард ойролцоогоор 700 евро зарцуулна гэж төлөвлөх хэрэгтэй. Ихэвчлэн бэлтгэл коллежид сурч байх хугацаанд ажиллах эрхгүй байдаг. Харин семестрийн амралтаар ажиллах боломжтой ч энэ нь амьжиргааны зардалд хүрэлцэхгүй юм! Бэлтгэл коллежийн оюутанд  зориулсан тэтгэлэг байхгүй учраас Германд байх хугацаанд хангалттай хүрэлцэхүйц мөнгөтэй байх хэрэгтэй юм.

Бэлтгэл коллежид элсэх процесс

Алхам-1: Бүрэн дунд боловсролын гэрчилгээ нь Германд суралцахад хүлээн зөвшөөрөгдөх эсэхийг нягтлах.

Алхам-2: Их сургуульд шууд элсэн орох эсвэл эхлээд бэлтгэл коллежид хамрагдах хэрэгтэй эсэхийг нягтлах.

Алхам-3: Сонгосон бэлтгэл коллежтойгоо холбогдож өргөдөл гаргахад шаардлагатай бичиг баримтуудын талаар лавлаж асуух.

Алхам-4: Бэлтгэл коллеж руу шууд элсэх өргөдөл гаргах эсвэл “uni-assist” порталаар дамжуулан элсэх боломжтой эсэхийг нягтлах.

Алхам-5: Өөрийн оронд байрлах Германы элчин сайдын яаманд виз мэдүүлэх.

Алхам-6: Бэлтгэл коллежийн элсэлтийн шалгалтад бэлдэх

Алхам-7: Элсэлтийн шалгалт өгөх

Шаардагдах хэлний оноо

Бэлтгэл коллежид элсэн орохын тулд Герман хэлний B1 түвшний мэдлэгтэй байх хэрэгтэй. Гэхдээ сонгосон бэлтгэл коллежийнхоо шаардаж буй хэлний оноог нягталж үзэх хэрэгтэй.

Бэлтгэл коллежид суралцах хугацаа болон төгсөлтийн шалгалт

Бэлтгэл коллежийн сургалт ихэвчлэн 1 жил үргэлжлэх ба 2 семестрт хуваагддаг. Амжилттай суралцвал сурах хугацаагаа нэг семестрээр багасгах боломжтой. Хэрэв таны сургалтын ирц, дүн хангалтгүй байвал семестр бүрт дахин нэг удаа хамрагдах боломжтой.

Түгээмэл асуудаг асуулт:

Aсуулт: Би эхний семестрт аль ч бэлтгэл коллежид хамрагдаад дараагийн семестрт өөр бэлтгэл коллеж руу шилжин суралцах боломжтой юу?

Хариулт: Бэлтгэл коллеж хооронд шилжих боломжгүй байдаг. Гэхдээ тухайн бэлтгэл коллеж тус бүрийн захирлуудын шийдвэрээр онцгой тохиолдолд шилжих боломжтой.

Бэлтгэл коллежийн талаар

a) Ерөнхий ур чадвар

Элсэн суралцагчид олон улсад чиглэсэн сургалтын орчинд суралцаж нийгмийн болон соёл хоорондын чадамжаа хөгжүүлдэг. Мөн либерал ардчилсан үзэл санааны дагуу угсаа гарал, нас, хүйс, хөгжлийн бэрхшээлээс үл хамааран харилцан бие биенийхээ шашин, улс төр, соёлын өөр үзэл санааг харилцан хүндэтгэдэг.

Бэлтгэл коллежид суралцсанаар Германы дээд боловсролын байгууллагуудад амжилттай суралцах итгэлтэй болох юм. Ялангуяа багаар ажиллах, цагийн менежмент, зохион байгуулалт, бие даан суралцах зэрэг үндсэн чадваруудыг эзэмшдэг.

б) Хэлний ур чадвар

Бэлтгэл коллеж нь Герман хэлний C1 түвшний мэдлэгийг олгодог. Сурагчид бүх хичээлдээ идэвхтэй оролцож, сурагч төвтэй ангид хамтран суралцах замаар ярианы ур чадвараа хөгжүүлдэг бол хичээлийн сэдвийн дагуу бичих ур чадвараа сайжруулдаг. Хэл шинжлэлийн бүтцийг ойлгож, үгсийн сангаа сайжруулсанаар цаашид гадаад хэлийг академик талаас эзэмших үндэс суурь болно.

  • Унших чадвар: Шинжлэх ухааны болон шинжлэх ухаанд чиглэсэн текстүүдийг ойлгож уншдаг болно.
  • Сонсох чадвар: Лекц, танилцуулга, мэргэжлийн хэлэлцүүлэг, мэтгэлцээн гэх мэт ерөнхий хэлээр болон шинжлэх ухааны хэлний агуулгаар танилцуулсан мэдээллийг сонсоод боловсруулах чадвартай болно.
  • Бичих чадвар: Эрдэм шинжилгээний ажил бичих суурь чадварыг эзэмшдэг.
  • Ярих ур чадвар: Хэлэлцүүлэг, баримт бичиг, танилцуулга гэх мэт ердийн академик агуулга бүхий сэдвийг төвөггүй ярьж сурна.

в)  Мэдлэгийн ур чадвар

Оюутнууд зэргийн хөтөлбөрөө амжилттай эхлүүлэхэд туслах агуулга, арга барилын талаар илүү гүн гүнзгий ойлголттой болно. Баримт статистик дээр дүн шинжилгээ хийх, асуудлыг бие даан шийдэх гэх мэт.