Даяарчлагдсан энэ цаг үед амьдарч буй орчин үеийн хүүхэд, залуучуудад гадаад ертөнцөөс суралцах боломж өдрөөс өдөрт улам нээлттэй болж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн бидний онцлох хөтөлбөр бол Герман дахь сайн дурын нийгмийн ажилтан хөтөлбөр (Freiwilliges Soziales Jahr-FSJ) юм. Герман улсын засгийн газраас санхүүждэг тус хөтөлбөрт Германчууд хамрагдахаас гадна Европын болон Европын бус орны 18-27 насны залуучууд оролцох боломжтой байдаг.

Тухайн хөтөлбөрт оролцогч нь ихэвчлэн өндөр  настны  асрамжын газрууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусламжийн газрууд, хүүхэд залуучуудад тусгай боловсрол олгодог байгууллагууд, эрүүл мэндийн байгууллагууд гэх мэт газруудад бүтэн цагаар сайн дурын ажилтан хийх бөгөөд үргэлжлэх дундаж хугацаа нь 12-18 сар байна.

Тус хөтөлбөрийн ашиг тус нь зөвхөн Герман хэл сурснаар хязгаарлагдахгүй бөгөөд, оюутнуудад тус улсын соёл, ёс заншилтай танилцах, сайн дурын ажлыг ойлгож мэдэх, олон орны найз нөхөдтэй болох, цааш суралцах чиглэлээ тодорхойлж гарцаа нээх, бэлтгэлээ хангах, бие дааж амьдарч сурах, хувь хүний зан чанараа улам сайн танин мэдэх, өөрийгөө хөгжүүлэх  зэрэг олон боломжуудыг олгож байгаагаараа онцлогтой юм. Мөн түүнчлэн амралт, чөлөөт цагаараа Герман улсаар болон Европын бусад орнуудаар аялал хийх бүрэн боломжтой.

Хөтөлбөрийг хариуцагч байгууллагын зүгээс байр, хоол, даатгал, хэлний сургалт зэрэг зардлуудыг бүрэн даахаас гадна зарим тохиолдолд онгоцны билетийн мөнгийг төлөх тохиолдол байдаг.

Эцэст нь хэлэхэд, дунд сургуулиа төгссөн, Герман хэлний зохих мэдлэгтэй, суралцах, хөгжих хүсэл эрмэлзэлтэй, аливаад өөрийгөө сорих дуртай, шинэ үеийн залуучуудад энэ хөтөлбөрийн үүд хаалга үргэлж нээлттэй. Энэ нь ажил, амьдралын замаа эхэлж буй залуу хүмүүст өөр улс орны хөгжил, дэвшлээс болон үе тэнгийн залуучуудаас суралцан, туршлага солилцох ховор боломж юм.