Герман улсын их дээд сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлт эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Их дээд сургуулийн элсэлт нь 2020 оны 06 дугаар сарын 01-с 2020 оны 07 дугаар сарын 15-ны хооронд үргэлжилнэ. 2020 оны зуны элсэлтээс эхлэн Герман улсын их дээд сургуульд Монгол улсын оюутан, залуус элсэн суралцахад хялбар болсон төдийгүй Германы Дээд Боловсролын Хяналтын Албаны /APS/ гэрчилгээ авах шаардлагагүй болж байгаагаараа энэ жилийн элсэлт онцлог юм.

Герман улсын их дээд сургууль, коллежид элсэн суралцахад манай дунд сургууль төгсөж буй хүүхдүүд Элсэлтийн Ерөнхий Шалгалт /ЭЕШ/-ыг 5 төрөлд өгч тус бүр нь 500 онооноос дээш бол Герман улсын их дээд сургуульд шууд элсэх боломжтой болж байна. Түүнчлэн магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 1-2 курсэд суралцаж буй оюутнууд Герман хэлний шаардлагаа хангаж байвал мөн Герман улсын их сургууль, коллежид шууд элсэн суралцах боломжтой.

Германы их сургуулийн бэлтгэл коллеж /Studienkolleg/ нь 4 чиглэлээр элсэлт авч нэг жилийн мэргэжлийн суурь хөтөлбөртэй сургалт явуулан дараа жилээсээ их сургуульд элсүүлэх зарчмаар ажилдаг. Бэлтгэл коллежийн курсуудэд элсэн суралцахад ЭЕШ-ийн дараах шалгалтуудыг өгсөн байна.

Т-курс: Монгол хэл, Математик, Зураг зүй, Физик, Хими

М-курс: Монгол хэл, Биологи, Хими, Математик, Физик,

W-курс: Монгол хэл, Математик, Физик, Англи хэл, Нийгмийн тухай мэдлэг

G-курс: Монгол хэл, Уран зохиол, Түүх, Нийгмийн тухай мэдлэг, Англи хэл гэсэн шалгалтуудыг өгсөн байхаас гадна Герман хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байхыг шаарддаг.

Герман хэлний шаардлагыг хангахын тулдTELC Deutsch B2, TestDaf 4 DNT 3, Goethe-Zertifikat B2, DSH-1, DSD 2 эсвэл ÖSD гэсэн шалгалтуудын аль нэгийг өгсөн байх хэрэгтэй.

Дашрамд дурьдахад Герман улсын ихэнхи Их дээд сургууль, Их сургуулийн бэлтгэл коллеж нь сургалтын төлбөргүй бөгөөд та зөвхөн Герман улсад эхний нэг жил амьдрах баталгаа болох 10236 еврог Германы банкинд байршуулах шаардлагатай.

Иймд Герман улсад суралцахаар төлөвлөж буй залуус маань цаг алдалгүй өөрийн хүссэн сургуульдаа элсэн суралцах боломжийг бүү алдаарай.