Германаар хязгаарлагдмал эрхтэй дансыг “Sperrkonto” гэж нэрлэдэг ба гадаад оюутан болон ажил хайгчид тус улсад байх хугацаанд шаардагдах санхүүгийн баталгааг нотлон харуулахад зориулагдсан данс юм.

Германыг сонгон суралцах гэж байгаа гадаад оюутнууд нь виз мэдүүлэхээсээ өмнө тус улсад суралцах хугацаандаа амжиргааны зардлаа бүрэн хангах санхүүгийн чадамжтай гэдгээ нотлон харуулах шаардлагатай. Ийнхүү санхүүгийн чадамжаа нотлон харуулахын тулд Герман улсын аль нэг банканд гадаад оюутнуудад зориулсан хязгаарлагдмал эрхтэй дансыг нээж, шаардагдах мөнгөн дүнг байршуулах хэрэгтэй.

2020 оны байдлаар хязгаарлагдмал дансанд байршуулах нэг жилийн мөнгөн дүн хамгийн багадаа €10,236 (€853 нэг сард) байхаар тогтоогдсон байна. Германы засгийн газраас тогтоосон тус мөнгөн дүнг дансандаа байршуулснаар Герман улсад түр хугацаанд оршин суух виз мэдүүлэгч нь амьжиргааны болон бусад зардлаа өөрөө зохицуулж чадна гэдгээ гэрчилж буй хэрэг юм.

Дэлхийн өнцөг булан бүрт байрлах Германы элчин сайдын яамдууд оюутны виз авахаар өргөдөл гаргаж буй оюутнуудаас энэхүү шинэчилсэн мөнгөн дүнг байршуулахыг шаарддаг. Энэ бол дансанд байршуулах хэрэгтэй хамгийн бага мөнгөн дүнг илтгэж байгаа бөгөөд үүнийг байршуулснаар та оюутны виз авах санхүүгийн баталгаагаа (Finanzierungsnachweis) нотолж чадах юм.

Германд хязгаарлагдмал данс яаж нээлгэх вэ?

Данс нээлгэх амархан бөгөөд та дараах алхмуудыг л хийх хэрэгтэй.  

1. Үйлчлүүлэх банкаа сонгох (Fintiba эсвэл Deutsche Bank  хоёрын аль нэгийг сонгох)

2. Хязгаарлагдмал данс нээлгэх хүсэлт онлайнаар гаргах (зөвхөн Fintiba-д хамаарна)

3. PDF анкетыг татаж аваад бөглөх (зөвхөн Deutsche Bank-д хамаарна)

4. Германы элчин сайдын яамны зохих хууль дүрмийг дагаж мөрдөх (хэрэв та Deutsche Bank-г сонгосон бол). Бичиг баримт баталгаажуулах талаарх мэдээллийг https://ulan-bator.diplo.de/mn эх сурвалжаас авах боломжтой.

5. Мөнгөө байршуулах

6. Дансаа баталгаажуулж авах

Fintiba болон Deutsche Banк хоёрын алийг нь сонгох вэ?

Бид Fintiba болон Deutsche банкны харьцуулалтын талаар мэдээлэл хүргэж байна. Доорх хүснэгтэд олон улсын оюутнуудын дунд Sperrkonto буюу (хязгаарлагдмал данс) нээхтэй холбоотойгоор үүсдэг нийтлэг бэрхшээлийн талаар тайлбарлахыг зорилоо.

Дээр дурьдсан хоёр банкны аль аль нь Герман улсын элчин сайдын яаманд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг учраас та алийг нь ч сонгон дансаа нээлгэх боломжтой. Та банк тус бүрийн вэбсайт руу нэвтрэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч, сонголтоо хийх хэрэгтэй.

Хязгаарлагдмал данснаас хэрхэн мөнгө авах вэ?

Та хязгаарлагдмал эрхтэй данснаасаа мөнгө шууд авах боломжгүй юм. Герман улсад олон улсын оюутны харилцах данс нээлгээд сар бүр  зөвхөн хэрэглэх мөнгөө л хязгаарлагдмал эрхтэй данснаасаа шилжүүлж авна.

Одоогоор дансанд байршуулах ёстой хамгийн бага мөнгөн дүнгээс илүү мөнгө байршуулаагүй л бол та сард хамгийн ихдээ 853 евро авах боломжтой байгаа юм. Энэ мөнгийг хязгаарлагдмал эрхтэй данснаас ердийн данс руу (эсвэл олон улсын оюутанд зориулсан данс руу) шилжүүлж мөнгөө чөлөөтэй гаргаж авч болно.

Иймд сургуульд элсэн орох зөвшөөрлийн бичгээ авмагц хөөцөлдөж эхлэхийг зөвлөж байна. Данс нээх арга замаа эрт олж мэдсэнээр та цаг хугацаа хэмнэж чадна.

Хязгаарлагдмал данс нээхтэй холбоотой түгээмэл асуултууд

Хязгаарлагдмал дансандаа 10,236 еврогоос илүү мөнгө байршуулж болох уу?

Тийм ээ, болно. Энэ бол оюутны виз мэдүүлэхэд шаардаж буй хамгийн бага мөнгөн дүн юм. Германы засгийн газар таныг Германд нэг жил амьдрах хугацаанд шаардагдах мөнгөтэй байх ёстой гэж үздэг.

Хэрэв оюутны визний мэдүүлэг татгалзсан бол яах вэ?

Хэрэв Германы элчин сайдын яамнаас визний мэдүүлэгт татгалзсан хариу өгсөн бол таны байршуулсан мөнгийг буцаан олгоно. Германы Консулын газраас өгсөн виз татгалзсанг нотлох бичиг баримтыг ашиглан байршуулсан мөнгөө буцааж авах өргөдөл гаргана. Гэхдээ банк хоорондын шилжүүлгийн төлбөр буцаагддаггүй болохыг анхаарна уу.

Байршуулах мөнгийг гуравдагч этгээд миний өмнөөс илгээж болох уу?

Тийм. Гуравдагч этгээд таны өмнөөс байршуулж болно. Гэхдээ тухайн хүн эхлээд өөрийнхөө бичиг баримтыг харуулж итгэмжлэх хүн мөн гэдгээ нотлох ёстой байдаг. Тухайн данс нээх банк таны нэрийн өмнөөс мөнгө шилжүүлэх хүн эсвэл байгууллагад зөвшөөрөл өгсөн таны итгэмжлэх бичиг, хүчинтэй гадаад паспорт, мөн банкны шилжүүлгийн баримт шаардах магадлалтай.

Хязгаарлагдмал эрхтэй данс нээхээс чөлөөлөгдөх тохиолдол байгаа юу?

Байгаа. Хэрэв та ямар нэг тэтгэлэгт хамрагдахаар болсон, эсвэл Герман улсад оршин суудаг иргэншилтэй хүн таныг батлан даах бичиг хийж өгсөн тохиолдолд та хязгаарлагдмал эрхтэй данс үзүүлэх шаардлагагүй байдаг.  

Данс нээх үйл явцыг илүү хурдасгаж болох уу?

Харамсалтай нь болохгүй. Хэдийгээр танд цаг хугацаа давчуу байгаа ч гэсэн банк таны өргөдлийг хурдан боловсруулж чадахгүй. Тиймээс банканд данс нээх, мөнгө байршуулах процессыг аль болох эрт буюу 4 долоо хоногоос доошгүй хугацааны өмнө эхлэх хэрэгтэй гэж зөвлөе.

Германд очсоны дараа хязгаарлагдмал эрхтэй дансны хаягаа хаана бүртгүүлэх вэ?

Та Германд оршин сууж буй хаягаа орон нутгийн оршин суугчийн бүртгэлийн газар буюу Германаар (Einwohnermeldeamt)-д бүртгүүлэх хэрэгтэй. Германд ирснээс хойш 2 долоо хоногийн дотор хаягаа бүртгүүлэх ёстой байдаг. Банканд ч гэсэн таны гэрийн хаяг хэрэгтэй бөгөөд таныг Германд очмогц дансны дэлгэрэнгүй мэдээллийг илгээдэг.

Сүүлд шинэчлэгдсэн огноо: 2020/03/09

Эх сурвалж: https://www.studying-in-germany.org/germany-blocked-account-foreign-students/