Хууль зүйн чиглэлээр Германд суралцдаг  эртний уламжлал байдаг ба хамгийн нэр хүнд бүхий мэргэжлийн салбарын нэг юм. Олон улсын хэмжээнд Германы их, дээд сургуулийн сургалт нь олон талт байдал болон чанарын хувьд өндрөөр үнэлэгддэг. Германы улсын 42 их, дээд сургуулийн оюутнууд хууль эрх зүйн чиглэлээр улсын шалгалтанд хамрагдах боломжтой. Мөн бакалавр, магистрын олон хөтөлбөрүүд байдаг.

Хууль зүйн чиглэлээр суралцах ямар боломжууд байдаг вэ?

Хууль зүйн чиглэлээр буюу хуульч мэргэжлээр суралцана гэдэг нь  бүрэн мэргэшсэн хуульч болох эхний шалгуур юм. Их сургуульд хууль зүйн бакалавр, магистрын хөтөлбөрт (L.L.B., L.L.M.) суралцахаас гадна улсын шалтгалтанд бэлтгэх тусгай курсэд суух мөн боломжтой байдаг. Баклавр, магистрын сургалтанд хамрагдсанаар хуулийн мэргэжлийг бүрэн дүүрэн эзэмшиж чадахгүй ч тухайн салбартаа ажиллаж, туршлага хуримтлуулсанаар бүрэн мэргэшсэн хуульч болно. Ихэнх сургалт нь хууль эрх зүйн болон бизнесийн чиглэлийг агуулгаар нь хослуулан заадаг.

Баклавр, магистрын сургалт

Баклаврын хөтөлбөр 6-8 семестр, магистрын хөтөлбөр 4 семестр үргэлжилдэг. Мөн баклаврын сургалт нь байнгын салбар дундын шинж чанартай байдаг тул бизнесийн эрх зүй болон нийгмийн эрх зүйг хамт судлах боломжтой. Эдгээр хөтөлбөрүүд нь ихэнхдээ иргэний эрх зүй, эрүүгийн хууль, олон нийтийн эрх зүй болон бусад салбар мэргэжлийн чухал,  хууль эрх зүйн гол үндсэн чадваруудыг заадаг. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.studis-online.de/Studiengaenge/ аваарай!

Герман улсад хууль зүйн мэргэжлээр сурахад ямар зардал гарах вэ?

Герман улсын ихэнх их, дээд сургуулиудад сургалтын төлбөр байдаггүй. Харин семестр тутамд 50-350€ -ны хураамж авдаг.   Их, дээд сургууль болгон өөрсдөө семестрын хураамжны үнийн дүнг тогтоодог.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.studis-online.de/StudInfo/Gebuehren эсвэл холбогдох их, дээд сургуулийн вэбсайтаас авна уу.

Тавигдах шаардлага

Хууль зүйн чиглэлээр суралцах элсэлтийн шаардлага нь их, дээд сургууль бүрээс шалтгаалж өөр өөр байдаг. Зарим их сургуулиуд NС буюу тоо заасан хэлбэрээр орон нутагтаа элсэлтийн хязгаарлалттай байдаг учраас  бүх өргөдөл гаргагчид хамрагдах боломжгүй. Гэхдээ бусад их сургуулиудын хувьд элсэгчдийн тоо заагаагүй сургалтыг санал болгодог.  Өргөдөл гаргахын тулд та “Их, дээд сургуулийн элсэлтийн урьдчилсан шалгуур” –ыг бүрэн биелүүлэх хэрэгтэй. Үүнд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын гэрчилгээ, сурлагын дүн, хэлний мэдлэгийн шаардлагыг хангасан байх ёстой гэсэн үг.

Хэлний ямар түвшинтэй байх ёстой вэ?

Их, дээд сургуульд элсэхийн тулд:

  • DSH 2
  • TestDaF TDN-4
  • DSD 2
  • Гёте сертификат С2

Магистрын зарим сургалтуудыг англи хэл дээр сурах мөн боломжтой. Гэхдээ ихэвчлэн сургалтын төлбөртэй байх бөгөөд хөтөлбөрийн сонголт багатай байдаг. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг DAAD –аас мэдээлэл аваарай. www.daad.de/international-programmes. DAAD – Германы эрдмийн солилцооны алба

Монгол улсын ахлах сургуулийн диплом (гэрчилгээ)  -ыг Германд хүлээн зөвшөөрөх үү? Хууль зүйн чиглэлийн баклаврын сургалтанд хэрхэн элсэх вэ?

Тийм. 2015 оноос хойш олгогдсон “Бүрэн дунд боловсролын гэрчилгээ”-г хүлээн зөвшөөрнө. Гэхдээ нэмэлт нөхцөл нь хамгийн багадаа 5 хичээлээр ЭЕШ өгч тус бүрт нь 500 дээш оноо авсан байхыг шаардана. Энэ шаардлагыг хангасан тохиолдолд эхлээд их сургуулийн бэлтгэл коллежд хоёр семестр буюу нэг жилийн хугацаатай суралцах шаардлагатай. Хоёр семестрийн дараа оюутнууд үнэлгээний ( FSP ) шалгалт өгч, өөрсдийн сонгосон улсын их, дээд сургуульд өргөдөл гаргах эрхтэй болно.

Монголд хууль зүйн чиглэлээр бакалавр авсан тохиолдолд  үргэлжлүүлэн Герман улсад хууль зүйн магистр хамгаалах боломжтой юу?

Бүрэн боломжтой. Гэхдээ магистрын сургалтанд элсэхийн тулд Герман улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монгол улсын их сургуулиудын аль нэгт суралцсан байх ёстой. Үүнд Монгол улсын нийт 18 их сургууль багтдаг.

Та суралцах гэж буй их сургуулийнхаа тавигдахыг шаардлагыг хангаад өргөдлөө гаргахад болно. Мөн их сургуулиа төгссөнийхөө дараа улсын шалгалтаа амжилттай өгөөд хуульч хийх эрхээ авсан ч Германы иргэншилгүй бол Германд мэргэжлээрээ ажиллах боломжгүйг анхаарна уу.

Магистрын сургалтанд элсэхэд мэргэжлийн шалгалт өгөх үү?

Тийм. Урьдчилсан шатны шалгаруулалтанд тэнцсэнээр та шалгалтын зөвлөлийн шийдвэр гарсны дараа мэргэжлийн шалгалтаа өгөх ёстой. Их сургууль бүр тусдаа мэргэжлийн шалгалтын журамтай. Ихэнхдээ шалгалтын материалыг урьдчилсан байдлаар өгч дараа нь ярилцлаганд оруулж хамгаалуулдаг.