Хэрвээ та Герман улсад эмч болохыг хүсэж байгаа бол сайн дүн хийгээд дээд зэргийн сахилга бат шаардлагатай юм. Анагаах ухааны зэргийн сургалт нь 6 жил гаруй хугацаатайгаар үргэлжилдэг ба улсын шалгалт авч төгсгөдөг. Ингээд та эмч болчихно гэсэн үг хараахан биш бөгөөд үргэлжлүүлэн 5-6 жил туслах эмчээр ажиллах ёстой юм.

Герман улсад эмч нарын эрэлт хэрэгцээ өндөр байгаа учраас эмчилгээний чиглэлээр төгсөгчид төрөл бүрийн сонирхолтой карьер хөөх боломжтой. Нүд судлалаас эхлээд шүүх эмнэлэг хүртэл бараг 30 гаруй мэргэшлийн чиглэлээс сонгох боломжтой. Бусад төрлийн сургалтуудтай харьцуулахад тавигдах шалгуур нь харьцангүй өндөр байдаг ба сургалт нь маш эрчимтэй явагдаж олон шалгалт авдаг.

Мөн түүнчлэн Германы их сургуулиудад анагаах ухааны чиглэлээр элсэж ороход тун амаргүй байдаг. Герман даяар “Numerus Clausus”-ыг ашигладаг. Энэ нь элсэлтэд тавигддаг хязгаарлалт бөгөөд таны суралцах газрыг олон улсын оюутнуудад олгох квот-д нийцүүлэн хувиарладаг. Зарим их сургуулиуд “Medizinertest” буюу (албан  ёсны нэршил нь анагаах ухааны чиглэлээр зэргийн сургалтад элсэж ороход авдаг шалгалт) –ыг бас шаарддаг байна.

Герман улсын топ анагаах ухааны их сургуулиуд:

  • Heidelberg University
  • Rwth Aachen University
  • Lübeck University
  • Witten/Hercke University
  • Magdeburg University
  • Münster University
  • Würzburg University
  • Tübingen University
  • Freiburg University
  • Leipzig University

Анагаах ухааны мэргэжил эзэмшихэд туулах олон үе шатууд:

Анагаах ухааны зэргийн сургалт нь хамгийн багадаа 6 жил 3 сар үргэлжилнэ. Анагаах ухааны чиглэлийн сургалтууд нь бакалавр, магистр гэсэн зэрэгт хуваагддаггүй ба улсын шалгалт өгч төгсдөг. Герман улсын анагаахын сургалтын бүтэц нь бусад орны анагаах ухааны сургалтуудтай харьцуулж үзэхэд хэд хэдэн талаараа ялгаатай байдаг.

Анагаах ухааны сургалтын бүтцийг товчоор тайлбарлавал: I шатны сургалт нь 4 семестр, харин II шатны сургалт нь 6 семестрээс тус тус бүрдэнэ. Үүний дараа оюутнууд эмнэлэг эсвэл дадлага хийдэг тусгай эмнэлэг дээр нэг жил дадлага хийнэ. Энэ үеэр оюутнууд мэс засал, дотоод эмчилгээ болон өөрийн сонгосон эмнэлэгийн тасагт дадлагажих бөгөөд эцэст нь улсын шалгалт өгч төгсөнө. Хэрвээ та зөвлөх эмч болохоор шийдсэн бол туслах эмчээр дахиад 5-6 жил ажиллах ёстой байдаг.

Тавигдах ерөнхий шаардлага:

  • Германд их сургуульд анагаахын чиглэлээр суралцахад Герман хэлний өндөр мэдлэг зайлшгүй шаардлагатай байдаг. Үндсэн ангид шууд элсэн суралцахын тулд Герман хэлний С1 түвшин, харин бэлтгэл коллежд элсэн суралцахын тулд багадаа В1 түвшний мэдлэгтэй байх шаардлагатай.
  • Хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын гэрчилгээтэй байх. 2020 оны өвлийн семестрээс эхлэн Монгол улсаас элсэгчдийн хувьд дунд сургуулийн гэрчилгээ болон ЭЕШ шалгалтын дүнгээ харгалзуулан элсэх боломжтой болсон.

Сурлагын дүн: Хими, биологи зэрэг мэргэжлийн холбогдолтой хичээлүүдийн сурлагын дүн сонгон шалгаруултад нөлөөлнө.

Карьерийн хэтийн төлөв байдал:  

Жил бүр 10,000 гаруй оюутан Герман улсад их дээд сургуулийг анагаах ухааны чиглэлээр төгсөж байна. Том хотуудаас бусад газруудад эмнэлэгт ажлын байр олох эсвэл эмчээр ажиллахад хэцүү биш юм. Ерөнхий эмч нар ялангуяа хөдөө орон нутагт эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. Анагаах ухаан маш эрчимтэй хөгжиж байгаатай зэрэгцэн Герман улсын хүн ам дунд насжилт явагдаж байна. Иймээс өвчтөнүүдийг давтамжтайгаар эмчилж сувилах шаардлага үүсэж байгаа бөгөөд энэ нь нэлээд том цогц асуудал болоод байна. Өөрөөр хэлбэл эмчийн ажлын байр ирээдүйд ч гэсэн маш эрэлттэй байх төлөвтэй байна.

Герман дахь гадаад эмч нар:

Герман улсад ажиллаж амьдарч байгаа гадаад эмч нарын тоо ялангуяа сүүлийн хэдэн жилүүдэд нэлээд өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал 2016 онд тус улсад ажиллаж байсан нийт эмч нарын 11% нь гадаадын иргэд байжээ. Мөн эмч нар сургуулиа төгссөний дараа зөвхөн эмнэлэгт эмчилгээний чиглэлээр ажиллаад зогсохгүй өөр чиглэлд ч карьер хөөх боломж бас бий. Жишээлбэл: менежментийн зөвлөх үйлчилгээ эсвэл даатгалын салбарт мэргэжилтнээр ажиллаж болно.

Ашигласан эх сурвалж:

www.study-in-germany.de

www.studying-in-germany.org