Энэ өдрийн мэнд хүргэе. Бидний хүсэлтийг хүлээн авч ярилцлага өгч байгаад их баярлалаа. Эхлээд өөрийгөө танилцуулаач.

Намайг Ганхуягийн Номин гэдэг. Би Бавари мужийн Ludwig Maximilian University of Munich (LMU) –д хими, биологийн чиглэлээр 2-р семестрт суралцдаг. Мөн Герман дахь Монголын Залуучуудын холбооны төлөөлөн удирдах зөвлөлд саяхнаас ажиллаж эхлээд байна. Манай холбоо нь Германд сурч буй Монгол оюутнуудад чиглэсэн янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулдаг.

Маш сайхан мэдээ байна. Баяр хүргэе, мөн ажлын өндөр амжилт хүсье.

Их баярлалаа.

Мэргэжлээ хэрхэн сонгосон талаар асуултаа эхлэе. Яагаад хими, биологийн чиглэлээр суралцахаар шийдсэн тухайгаа бидэнд сонирхуулаач.

Миний хувьд химийн хичээлдээ сайн, 9-р ангиасаа эхлүүлээд химийн олимпиадуудад оролцоод нэлээд амжилт гаргачихсан байсан. Төгсөх анги хүртлээ 3-4 жил химийн хичээл дээрээ нэлээд амжилт гаргаад явчихсан учраас тэтгэлэг горилоход давуу талтай байсан. Тиймээс энэ чиглэлээрээ сурахаар шийдсэн дээ. Баклавраа төгсөөд цаашид үргэлжлүүлэн магистраа хийхээр төлөвлөж байгаа. Төгсөөд химич, биохимич мэргэжлүүдээр ажиллан, өөрийн хүссэн төсөл, судалгаагаа санаачлаад, удирдаад явах бүрэн боломжтой.

Тэгвэл яагаад Герман улсад суралцахаар сонгов, шийдвэр гаргахад нь юу нөлөөлөв?

Гэр бүлийн зүгээс их дэмжиж байсан. Аав маань өмнө нь Герман улсад сурч байсан болохоор надад их нөлөөлсөн санагддаг. Герман улсад хүн хамгийн сайн хүмүүжиж, төлөвшиж чаддаг гэж манай гэр бүлийнхэн үздэг. Мөн хамгийн том давуу тал бол сургалтын төлбөргүй байдаг шүү дээ.

Герман улсын шилдэг 3 сургуулийн нэг LMU-г сонгосон шалтгаан юу байсан бэ?

Миний хувьд анх хими, биологийн чиглэлийн алийг нь сонгон суралцах уу гэдгээ шийдэж чадахгүй байсан л даа. Харин LMU нь оюутнууддаа сонголт өгдөг, эхний 2 курстээ ерөнхий суурь хичээлүүдээ үзээд, харин 3-р курсээсээ суралцах чиглэлээ шийдэх боломж олгодог нь их таалагдсан. Өөрөөр хэлбэл, эхний 4 семестертээ бүх суурь хичээлүүдээ үзэхийн зэрэгцээ янз бүрийн практик хийчихсэн байгаа учраас хамгийн сүүлийн жилдээ энэ чиглэл маань надад илүү тохирох юм байна гэдэг сонголтыг оюутнууд хийхэд илүү хялбар болно гэсэн үг.

Энэ сургуульдаа сурч эхлэхээсээ өмнө би нэг жил Хайделбэргийн их сургуулийн бэлтгэл коллежд мөн суралцсан. Хайделбэрг нь жижгэвтэр хот байсан учраас илүү том хотод амьдарч үзмээр санагдсан нь мөн сургуулийн сонголтонд нөлөөлсөн болов уу.

Танай хичээл хэрхэн явагддаг вэ, энэ талаар сонирхуулаач.

Сургалт маань их сонирхолтой. Манай хичээл үдээс өмнө дандаа лекц ороод, үдээс хойш лабориторийн ажилтай байдаг. Янз бүрийн туршилт хийж, үр дүнгээ гаргаад, тайлангаа тавиад явдаг.

Лекц орохоос гадна дасгалын цаг гэж байдаг. Профессор маань өөрөө дасгалаа удирдаж явуулахгүй, дээд семестрт сурдаг тэр хичээлийг аль хэдийн үзчихсэн амжилттай суралцдаг оюутнууд удирдаж явуулдаг. Дасгалын цаг дээр профессороор биш оюутнаар удирдуулж байгаа учраас хамаагүй чөлөөтэй харилцаад явчихдаг, шаардлагатай зүйлсээ асууж цэгцэлж аваад дасгалаа хийдэг.  Тэр семестрт хийх ёстой ажлын жагсаалт аль хэдийн өгөгдсөн байдаг учраас түүнийгээ цаг тухай бүрдээ байнга шалгуулаад явдаг.

LMU-д сурахад ямар зардлууд гардаг вэ?

Манай сургууль сургалтын төлбөргүй. Харин оюутнууд семестрийн хураамж 300 орчим евро гэж төлдөг ч үүнд нь билетны мөнгө, номын сан ашиглалтын төлбөр, оюутнуудад зориулсан янз бүрийн үйл ажиллагаанд зориулагдсан бусад төлбөрүүд багтдаг. Их сургуультайгаа ойрхон амьдардаг бол тээврийн зардлаа хасуулаад семестрийн 150 гаран евро төлж бас болдог.

Гадаадад сурахаар явж буй шинэ оюутанд олон асуудал тулгардаг шүү дээ. Чиний хувьд Герман улсад анх очсоны дараа ямар бэрхшээлүүдтэй тулгарч байв?

Миний хувьд харьцангуй гайгүй байсан. Үүнд ерөнхий суурь хичээлүүдийн мэдлэг, Герман хэлний түвшин маань нөлөөлсөн гэж бодож байна.

Би бэлтгэл коллежд сурсандаа их баяртай байдаг. Их сургуульд шууд орсон бол бүх юмыг анхнаасаа ганцаараа л хийгээд явахаас өөр аргагүй болно. Харин бэлтгэл коллежд бол багш нар маань их тулж ажилладаг. Гадаад оюутнуудтай олон жил ажиллаад сурчихсан туршлагатай багш нарын тусламжтайгаар анхнаас нь хүнд шат хүртэл бүх зүйлийг эмх цэгцтэйгээр бага багаар сураад явдаг учраас бэлтгэл коллежд сууриа маш сайн тавьж чадсан гэж боддог. Үгсийн сангаа сайжуулахаас эхлээд маш олон зүйлийг тэнд сурч чадсан. 

Мөн нэмж хэлэхэд, бэлтгэл коллежд ачаалал өндөр биш учраас анх Герман оронд ирж байгаа хүний хувьд зөвхөн хичээлдээ дарагдаад байхгүйгээр тухайн оронтойгоо амар тайван танилцах, орчинтойгоо дасан зохицох цаг хугацааг олгодог юм шиг санагдсан.

Герман улсын шилдэг их сургуулиудын нэгт амжилттай суралцаж байна. Чиний туршлагаас харахад их сургуульд элсэн ороход хэр хэцүү санагдсан бэ?

Миний хувьд сургуульдаа тэнцэж ороход тийм хэцүү биш, харин амжилттай сураад төгсөх нь илүү хэцүү гэж бодож байна. Сургуульдаа тэнцээд ороод ирсэн оюутнуудын зарим нь төгсөж чаддаггүй, дундаасаа гарах үзэгдэл түгээмэл байдаг.

Сургуулиа төгсөхөд хэцүү гэж хэллээ. Тэгвэл сургуулиа дундаас нь орхиж байгаа болон үргэлжлүүлэн амжилттай суралцаж байгаа оюутнуудын ялгааг чи юу гэж харж байна?

Хамгийн анх бэлтгэл коллежд сурч байхад олон гадаад найзуудтай байсан. Хичээлээ сайн ойлгодоггүй, суурь муутай зарим хүүхдүүд байсан л даа. Гэхдээ тэр хүүхдүүдийг анзаараад байхад би ерөөсөө чадахгүй байна, болохгүй байна гэж өөрсдийгөө боддоггүй, өдөр бүр хийсээр байдаг. Энгийн тэгшитгэл бодож чаддаггүй байсан хүүхэд хичээлийн төгсгөлд бидэнтэй зэрэгцээд ирчихсэн байдаг. Тэр нь яадаг вэ гэхээр зогсолтгүйгээр, бага багаар тогмтол хурдтай хийсээр байдаг юм байна лээ. Харин миний хувьд жаахан амархан сэдэв үзээд байна уу даа, нэлээд хүндрээд ирэхээр нь хийж эхэлье дээ гэх хандлага эхэндээ байсан л даа. Тэр маань буруу байсан гэдгийг их сургуульдаа орж ирээд нэлээд сайн ойлгож байна.

Тиймээс суралцахаа зогсоохгүй, байнгын, бага багаар суралцаж байгаа хүн амжилттай төгсөж чадна гэж бодож байна. Мөн их сургуульд суралцаад эхлэхээр хувийн зохион байгуулалт чухал болоод ирдэг. Цагаа хэрхэн хуваарилах уу, өдрийн хэдэн цагийг юунд зарцуулах уу гэдэг маш чухал. Хэзээ нь найз нартайгаа уулзах уу, хэзээ нь хичээлээ хийх үү, мөн цагийн ажил хийх, визний сунгалт зэрэг зохицуулах олон ажил байдаг. Тэр болгоноо бичээд, төлөвлөөд явах нь маш зөв байдаг. Миний хувьд гүүгл календарь байнга хэрэглээд явдаг.

Төлөвлөгөөтэй, хувийн зохион байгуулалттай, цагаа зөв хуваарилж чаддаг, тогтмол суралцдаг хүмүүс хамгийн амжилттай сургалтаа дуусгаж чадна гэж бодож байна.

Шалгалтын өмнө бүтэн шөнө суугаад бүтэн семестрийн хичээлээ үзэх биш, өдөр бүр тууштай хийгээд л явах ёстой юм байна лээ.

Герман оюутнуудаас сурах зүйл юу байна, хэр олон Герман найзуудтай болж байна?

Герман найзууд нэлээд байгаа. Герман найзуудаасаа анзаардаг хамгийн том зүйл бол өөрийн үзэл бодолдоо их үнэнч санагдсан. Жишээлбэл: Бид ямарваа нэг сэдвийн талаар ярилцахад би ингэж бодож байна, би яагаад ингэж бодож байгаа вэ гэдгээ үндэслэлтэй яриад, тайлбарлаад, бусдадаа ойлгуулах гэж ятгадаг. Багаасаа л өөрсдийн үзэл бодолтой байгаад сурчихсан байгаа юм. Лекцийн үеэр профессор багш нартайгаа чөлөөтэй харьцаж, асуулт асууж, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх тал дээр маш сайн. Энэ зан чанар нь надад их таалагддаг. Өмнө нь асуулт асуухаасаа их санаа зовдог байсан бол одоо энэ тал дээр өөрөө суралцаад л явж байна даа.

Германд сурч байгаа оюутнууд хэрхэн чөлөөт цагаа өнгөрөөдөг талаар туршлагаасаа хуваалцаач.

Хичээлээс гадуур санал болгодог олон хөтөлбөрүүд байдаг. Ямар хөтөлбөрүүд санал болгож байгаагаа жилээр нь гаргачихсан байдаг учраас оюутнуудын хувьд цагаа үр дүнтэй өнгөрөөж, өөрийгөө хөгжүүлэх боломж ихтэй. Хувь хүний хөгжлийн сургалтуудаас гадна төрөл бүрийн анхнаас ахисан шатны спортын хөтөлбөрүүд хүртэл үүнд багтсан байдаг. Миний хувьд их сургуулийн эхний жилдээ менторын програмд хамрагдаж байсан. Сургалт болон багш нартай холбоотой асуудлаар зөвлөгөө авах, ямар нэг асуудал гарвал ментороосоо шууд асуугаад туслалцаа хүсээд явах  зэрэг давуу тал ихтэй байсан.

Хичээлийн хажуугаар ажил хийх боломж хэр байдаг вэ? Чиний хувьд ямар ажил хийж байгаа талаараа сонирхуулаач.

Гадаад оюутнуудын хувьд 120  бүтэн өдөр, эсвэл 240 хагас өдөр ажиллах эрхтэй байдаг. Миний хувьд одоогоор лабораторид ажиллаж байгаа. “Корона төсөл” хэмээх төсөлд хамрагдаад ажиллаж байна. Манай лабораторид Их Британи, Ирланд, Монтенигро, Европын орнуудаас болон Арабын Нэгдсэн Эмиратаас хүртэл өдөр бүр хэдэн мянган тестүүд ирдэг. Тэр тестүүдийг шинжлээд үр дүнг нь аль болох хамгийн богино хугацаанд буцааж явуулах үүрэгтэй.

Оюутны цагийн ажлын орлогоор амьдрахад сардаа хэр бүтээмжтэй вэ? Хичээлийн хажуугаар ажил хийхэд хэр ачаалал ирдэг вэ?

Ер нь сарынхаа амжиргааны зардлаа нөхөх бүрэн боломжтой. Гэхдээ амьдарч байгаа хотоосоо, бас тухайн хүнээсээ их шалтгаална. Муенхэнд бол байр 400 евроноос эхлэж байхад, харин Лайпцигт 200 еврод байр хангалттай олох жишээтэй. Хамгийн амархан олдох боломжтой ажлуудаас дурдвал зөөгч, худалдагч, мөн бэйкэрид ажиллах. Цаашлаад их сургууль дээрээ номын санд ажиллах, туслах багш хийх болон сурч буй мэргэжлийнхээ хүрээнд дадлага хийнгээ ажиллах бүрэн боломжтой. Цагийн ажлын хөлсний доод хэмжээ 9 евро 35 цент байдаг. Одоогоор Германд амьдарч буй оюутнуудын 1 сарын дундаж зардал нь байрны түрээс, хоол унд, хичээлийн хэрэгсэл болон бусад амжиргааны зардалтайгаа нийлээд 850€ гэсэн үнэлгээтэй байдаг. Хагас цагийн ажил хийгээд, сард багадаа 700 евроны орлоготой байхад амжиргааны зардалд хүрэлцээтэй байх боломжтой. Зуны болон өвлийн амралтаараа мөн арай их цагаар ажиллах боломжтой.

Долоо хоногт ажиллах цагаа зөв хуваарилж чадвал ажил, сургалт хоёроо зохицуулаад өөр дээрээ өндөр ачаалал өгөхгүй явах бүрэн боломжтой. Цагаа 7 хоног, сараар хуваарилаад түүндээ үнэнч байж чадвал асуудал байхгүй гэж бодож байна.

Герман оронд ирээд 2 жил болчихсон байна. Герман хүмүүс, Герман орны талаар сэтгэгдэлээ хуваалцаач.  

Миний хувьд сэтгэл маш хангалуун байгаа. Герман улс маань их гоё. Сэтгэлд дотно үлдсэн дурсамжуудын нэг бол ирсэн жилдээ Зул сарын баярыг Герман айлд өнгөрүүлсэн явдал юм. Герман айлд 2 долоо хоногийн хугацаанд амьдарч үзсэн. Айл маань надаар дамжуулан Монголын талаар мэдэж авах, харин миний хувьд Герман соёл, хүмүүс, амьдралын хэв маяг зэргийг ойроос илүү таньж мэдсэндээ маш сэтгэл хангалуун байсан. Тиймээс шинээр ирж буй оюутнуудыг энэ хөтөлбөрт заавал хамрагдаарай гэж хэлмээр байна. Вэбсайт нь: https://www.experiment-ev.de/

Герман хүмүүс үнэхээр нөхөрсөг хүмүүс. Гэхдээ ямар хотод сурч байгаагаасаа бас шалтгаалдаг юм байна лээ. Миний амьдарч байсан Хайделберг, Муенхэн хотуудын хүмүүс бол маш нөхөрсөг. Герман хүмүүс ажилаа хийх цагаасаа бусад үед найзуудтайгаа хөгжилдөж өнгөрөөх их дуртай, бие биенийдээ их зочилж, ярилцаж, хөгжилдөж суух дуртай амьд харилцааг их эрхэмлэдэг хүмүүс шиг санагдсан.

Мөн их тайван, аюулгүй улс. Бүтэн сайнд бүх дэлгүүр хаалттай байдаг, өдөр бүр 20 цаг гэхэд хаалгаа барьчихдаг. Бавари мужийн байгаль маш үзэсгэлэнтэй учраас үзэж харах зүйл ихтэй.

Герман орны гадаад оюутнуудыг татах бусад давуу талыг юу гэж харж байна?

Оюутнуудад тулгарч болох асуудлуудыг маш сайн шийдвэрлэж өгсөн байдаг. Дүрэм журмаа маш сайн баримталдаг. Бүх юм нь дэс дараалалтай, тодорхой, дүрэм журмаар зохицуулагдсан байдаг учраас тухайн хүндээ цагаа хуваарилахад их амар болчихдог.  Мөн Герман хүмүүс бусдын хэрэгт хошуу дүрдэггүй, бусдын орон зайг их хүндэлдэг нь харагддаг

Герман улсад сурахыг сонирхож байгаа, Герман хэл сурч буй хүүхдүүдэд хандаж юу хэлэхийг хүсч байна вэ?

Герман хэлний С1 шалгалт өгөх гээд бичгийн шалгалтандаа бэлдэж байсан туршлагаасаа хуваалцах гэсэн юм. Бичгийн шалгалтанд тодорхой нэг сэдвийн дагуу эссэ бичиж, аргумент гаргаж ирэх ёстой байдаг л даа.

“3В дүрэм”-ийн дагуу үндэслэл гаргаж ирээд, түүнийгээ тайлбарлаад, жишээгээр баталгаажуулж өгдөг. Энэ арга барил нь Герман хэлийг сурахад надад их тусалсан. Бичгийн шалгалтан дээр улс төр эдийн засаг, байгалийн ухаан гэх мэт олон салбарыг хамарсан янз бүрийн сэдэв ирдэг. Тиймээс ямар ч хамаагүй сэдэв барьж аваад энэ 3 дүрмийнхээ дагуу дадлага хийгээд байвал үгсийн сан, дүрмийн мэдлэг их сайжирдаг. Явцын дунд ярианы чадвар дагаад сайжирдаг.

Бидний ярилцлага ингээд өндөрлөж байна. Олон хэрэгтэй мэдээлэл хуваалцаж, сонирхолтой ярилцлага өрнүүлсэн Номиодоо маш их баярлалаа.

Сурлагын өндөр амжилт хүсье.