Герман улсад суралцахад хэд хэдэн шалгуур байдгийг бид бүгд мэдэх билээ. Манай оюутнууд ихэнхдээ их сургуулийн өмнөх бэлтгэл коллежоор дамжин их сургуульдаа элсэн ордог. Бид та бүхэнд бэлтгэл коллежид суралцахын давуу тал болон элсэн ороход анхаарах зүйлсийн талаар мэдээлэл өгөхийг зорилоо.
Их сургуулийн өмнөх бэлтгэл коллеж гэж юу вэ?
Герман улс нь 13 жилийн боловсролын системтэй. Иймд олон улсын оюутнуудын хувьд эх орондоо эзэмшсэн боловсролын зэрэг нь Германд дүйцэхгүй байх тохиолдол бий. Иймд:
- 10 болон 11 жилийн бүрэн дунд боловсрол эзэмшсэн бол Монгол улсын Германд хүлээн зөвшөөрөгддөг 18 их, дээд сургуульд хамгийн багадаа 1 жил суралцсан байх
- 12 жилийн бүрэн дунд боловсрол эзэмшсэн бол ЭЕШ -г хамгийн багадаа 5 хичээлээр өгч хичээл тус бүрд 500 -аас дээш оноо авсан байх хэрэгтэй.
Энэхүү шаардлагыг хангасан өргөдөл гаргагчид Германы бэлтгэл коллежид суралцаад цаашлаад их, дээд сургуульд элсэн орох боломжтой юм.
Та дэлгэрэнгүй мэдээллийг http://anabin.kmk.org/anabin.html вэбсайтаас авах боломжтой. https://www.uni-assist.de/bewerben/vorab-informieren/studienkolleg/
Бэлтгэл коллеж нь Германы их, дээд сургуульд суралцах суурь мэдлэгийг олгох ба оюутнуудыг хэлний болон мэргэжлийн чиглэлээр бэлтгэдэг. 2 семестрт хуваагдан 1 жил үргэлжилдэг. Коллеж бүр ялгаатай ба өөр өөрийн гэсэн төгсөлтийн шалгалттай байдаг. Шалгалт нь бичгийн болон ярилцлага хэсгээс бүрддэг. Оюутнуудыг мэргэжлийн Герман хэл болон бусад мэргэжлийн заавал үзэх хичээлээр шалгадаг. Төгсөх шалгалтаа амжилттай өгсөн тохиолдолд Германы их, дээд сургуулиудад элсэн орох боломжтой болно. Уг шалгалтыг дахин нэг удаа өгч болно.
Ямар төрлийн бэлтгэл коллежууд байдаг вэ?
Германд их сургуулийн бэлтгэл коллеж ба мэргэжлийн дээд сургуулийн бэлтгэл коллеж гэсэн 2 төрлийн бэлтгэл коллеж байдаг.
Их сургуулийн коллежид амжилттай суралцсан хүмүүс үргэлжлүүлэн их сургууль эсвэл мэргэжлийн коллежид суралцах эрхтэй болно. Харин мэргэжлийн коллежид суралцсан хүмүүс зөвхөн мэргэжлийн сургуульд л элсэн суралцах боломжтой. Иймд оюутнууд их сургуулийн өмнөх бэлтгэл коллежид явахаасаа өмнө хаана сурахыг хүсэж байгаагаа тодорхойлж алинд нь орохоо зөв шийдэх хэрэгтэй.
Их сургуулийн өмнөх бэлтгэл коллеж төгсөгчид Герман улсын аль ч мужийн сургуулиудад өргөдөл гаргаж болно.
Улсын болон хувийн бэлтгэл коллеж 2 юугаараа ялгаатай вэ?
Улсын бэлтгэл коллеж нь Герман даяар хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Харин хувийн бэлтгэл коллеж нь улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн зэрэг олгодог эсэхийг урьдчилж судлах хэрэгтэй.
Ямар мэргэжлийн чиглэлээр сургалт явуулдаг вэ?
Монголд суралцаж байсан мэргэжлийн дагуу бэлтгэл коллежийн ангиудаас таньд шалгалтанд орох урилга ирнэ. Та коллеж руу анх өргөдөл гаргахдаа хичээлийн сэдвийг сонгох ёстой. Үүнээс үндэслэн сонгосон чиглэлээр суралцахаар бэлтгэгдэнэ.
Анги бүр орон орноос ирсэн 20 гаруй оюутантай, анги удирдсан багштай байна. Хичээл 7 хоногт 5 удаа өглөө эрт ороод ангиасаа шалтгаалан 7 хоногийн 2-3 өдөр үдээс хойш 15-16 цаг, бусад өдрүүдэд өдрийн 14 цаг орчимд тардаг.
Мэргэжлээсээ шалтгаалж анги тус бүрт дараах чиглэлийн хичээлүүд ордог. Үүнд:
- Герман хэл,
- Хэл шинжлэлийн үндэс
- Германы түүх
- Германы уран зохиол
- Математик
- Хими
- Биологи
- Физик
- Мэдээллийн технологи гэх мэт
Их, дээд сургуулийн бэлтгэл коллеж нь дараах чиглэлээр гүнзгийрүүлэн бэлтгэдэг.
- М курс: Анагаах ухаан, биологи болон эм зүйн ангид элсэн орох бэлтгэл
- Т курс: Математик-байгалийн ухаан эсвэл техникийн ухааны ангид элсэн орох бэлтгэл
- W курс: Эдийн засаг болон нийгмийн ухааны ангид элсэн орох бэлтгэл
- G курс: Хүмүүнлэгийн ухаан болон Герман судлалын ангид элсэн орох бэлтгэл
- S курс: Хэл шинжлэлийн ангид элсэн орох бэлтгэл
Мэргэжлийн дээд сургуулийн бэлтгэл коллеж нь дараах чиглэлээр гүнзгийрүүлэн бэлтгэдэг.
- TI курс: Техник болон инженерийн шинжлэх ухааны ангид элсэн орох бэлтгэл
- WW курс: Эдийн засгийн шинжлэх ухааны ангид элсэн орох бэлтгэл
- GD курс: Дүрслэх урлаг болон урлагийн ангид элсэн орох бэлтгэл
- SW курс: Нийгмийн шинжлэх ухааны ангид элсэн орох бэлтгэл
Бэлтгэл коллежийн төгсөх шалгалт гэж юу вэ?
Төгсөх шалгалтыг бэлтгэл коллежид суралцахгүйгээр шууд өгч болно. Энэхүү шалгалт нь Германы их, дээд сургуульд элсэн ороход олон улсын өргөдөл гаргагчдыг тэнцэх эсэхийг шийдвэрлэх бөгөөд оюутнууд бэлтгэл коллежид урьдчилан бэлтгэгдсэний дараагаар өгдөг. Өөрөөр хэлбэл явцын болон төгсөлтийн шалгалтууд, илтгэл тавих гэх мэт их сургуульд оюутан бүр давах шалгууруудад бэлтгэгдсэний дараагаар шалгалтаа өгнө гэсэн үг юм. Хамгийн чухал зүйл бол элсэхийн өмнөх ба элссэний дараах Герман хэлний шалгалт юм. Бусад мэргэжлийн төгсөлтийн шалгалтандаа сайн дүнтэй байсан ч Герман хэлний шалгалтанд хангалтгүй дүнтэй бол улиран суралцах ёстой байдаг. Шалгалтанд тэнцсэн бол их, дээд сургуульд элсэн суралцах өргөдөл гаргах эрх авна. Бэлтгэл коллежоо дуусгаагүй тохиолдолд өөрөө хүсвэл төгсөх шалгалтыг өгч болно.
Бэлтгэл коллежийн төгсөх шалгалт өгөх газраа заавал суралцах ёстой юу?
Үгүй ээ, та Германы бүх их, дээд сургууль болон мэргэжлийн сургуульд өргөдөл гарган шалгалтаа өгөх боломжтой. Гэхдээ заримдаа хойд Райн-Вестфалин /NRW/ муж нь зөвхөн бүс нутагтаа хүчинтэй төгсөх шалгалт авдаг тохиолдол бий.
Элсэлтийн шалгалт гэж юу вэ? (Aufnahmeprüfung)
Германы бэлтгэл коллежид орохын тулд элсэлтийн шалгалт өгөх ёстой. Шалгалтыг Герман хэл дээр суралцах гэж буй мэргэжлийн заавал үзэх ёстой хичээлүүдээр өгдөг. Мөн шалгалтын гол чухал хэсэг бол Герман хэлний шалгалт юм. Шалгалтанд тэнцсэнээ онлайн хэлбэрээр мэдэж 1 жилийн хугацаатай их сургуулийн өмнөх бэлтгэл ангид орох эрхтэй болно. Өргөдөл гаргагчдын тоо их байх зарим тохиолдолд элсэлтийн шалгалтанд тэнцэхгүй байж болно. Энэ тохиолдолд бэлтгэл коллежийн элсэлтийн тоон хязгаарлалттай газруудыг эрэмбэлэх замаар хуваарилдаг. Энэ нь хамгийн сайн үнэлгээтэй өргөдөл гаргагчид бэлтгэл коллежид суралцах эрх авна гэсэн үг юм. Элсэлтийн шалгалтанд урьдчилан сайн бэлдэх нь энэхүү сургалтын орон тоог хадгалах боломжийг нэмэгдүүлнэ.
https://www.uni-assist.de/tools/check-hochschulzugang/
Бүх бэлтгэл коллежийн элсэлтийн (Aufnahmeprüfung) болон төгсөх шалгалт (Feststellungsprüfung)-ын талаарх мэдээллийг вебсайт руу нь орж авах боломжтой.
Хэлний ямар түвшинтэй байх ёстой вэ?
Их сургуулийн өмнөх бэлтгэл коллежид хамрагдахын тулд хамгийн багадаа Герман хэлний B1 түвшний мэдлэгтэй байх ёстой. Энэ талаар коллеж тус бүрээс лавлан асуух хэрэгтэй.
Их сургуулийн өмнөх бэлтгэл коллежид суралцахад ямар зардал гарах вэ?
Германы бэлтгэл коллеж тус бүр тодорхой хэмжээний төлбөр авдаг. Мөн та эрүүл мэндийн даатгалтай байх ёстой ба ном бусад сургалтын материалыг өөрөө худалдаж авах хэрэгтэй. Германд амьжиргааны түвшин бусад Европын холбооны орнуудаас харьцангуй бага. Гэсэн хэдий ч түрээс, хувцас, хоол гэх мэт хэрэглээний зардалд нэг сард амьжиргааны доод хэмжээ 853 евро шаардлагатай. Бэлтгэл коллежид сурч байх хугацаанд ажиллахыг зөвшөөрдөггүй хэдий ч амралтаараа ажиллаж нэмэлт орлого олох боломж бий. Гэхдээ энэ нь амьдрахад хангалттай биш гэдгийг анхаарна уу. Мөн бэлтгэл коллежид тэтгэлэг гэж байдаггүй.
ЕХ-ны бус орнуудаас өргөдөл гаргагчдад зориулсан Германы бэлтгэл коллеж руу элсэх зарчим:
Алхам 1: Таны эх орондоо эзэмшсэн боловсролын зэрэг нь Герман улсад хүлээн зөвшөөрөгдсөн эсэхийг шалгаарай. Монгол улсын нийт 18 их, дээд сургууль Германд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.abcworld.mn вебсайтаас авна уу.
Алхам 2: Германд их, дээд сургуульд шууд элсэн орох эсвэл бэлтгэл коллежид хамрагдах шаардлагатай эсэхийг шалгаарай.
ANABIN нь бэлтгэл коллежид хамрагдах уу эсвэл шууд их сургуульд өргөдөл гаргах уу гэдгийг шийддэг.
https://anabin.kmk.org/anabin.html
Алхам 3: Бичиг баримтаа журмын дагуу баталгаажуулах.
Бэлтгэл коллеж бүрийн элсэлтийн журам, элсэлт авах хугацаа нь өөр байдаг тул өөрийн сонгосон сургуулийн бэлтгэл коллеж руу хандан шууд асуух эсвэл вебсайтаас нь харах хэрэгтэй.
Алхам 4: Их сургуулийн өмнөх бэлтгэл коллежид өргөдөл гаргах хэд хэдэн арга байдаг ба аль нь яг зөв арга вэ гэдэг нь ямар их сургуулийн бэлтгэл коллеж байхаас хамаарна. Зарим бэлтгэл коллежийн хувьд оюутнууд шууд өргөдөл гаргах боломжтой байдаг бол зарим нь Uni-assist –аар дамжуулах хэрэгтэй байдаг.
Их сургуульд элсэн суралцах хүртэлх процессыг Uni-assist –аар хийвэл өргөдлийг www.uni-assist.de хаягаар орж авна уу. Таны суралцахыг хүсэж буй их сургууль Uni-assist –аар дамжуулж өргөдөл гаргадаг эсэхийг урьдчилан асуугаарай. Хэрэв шаардлагагүй бол их сургуулийнхаа бэлтгэл коллеж руу шууд хандах боломжтой.
Алхам 5: Монголд суугаа Герман улсын Элчин Сайдын Яаманд оюутны виз мэдүүлэх
Алхам 6: Элсэлтийн шалгалтанд бэлдэх.
Бэлтгэл коллеж болгоны элсэлтийн шалгалт өөр өөр байдаг. Зарим коллеж нь Герман хэлний болон математикийн шалгалт авдаг бол зарим нь зөвхөн Герман хэлний шалгалт авдаг. Шалгалтын талаарх мэдээллийг бэлтгэл коллежуудын вэбсайтаас нь авах боломжтой.
Алхам 7: Элсэлтийн шалгалтаа өгөх
Германы бэлтгэл коллеж нь элсэлтийн шалгалтаа өөрийн биеэр ирж өгөхийг шаарддаг. Элсэлтийн шалгалтандаа тэнцсэн бол их сургуулийн өмнөх бэлтгэл коллежид нэг жилийн хугацаатай сургалтанд хамрагдах болно.
Эхний семестрт хамрагдаад дараа нь 2-р семестртээ өөр бэлтгэл коллеж руу шилжих боломжтой юу?
Дүрмээр бол нэг бэлтгэл коллежоос нөгөө коллежид шилжих боломжгүй ба холбогдох 2 бэлтгэл коллежийн удирдлагууд энэ тухай шийдвэр гаргана.
Бэлтгэл коллежид суралцахын давуу тал:
Олон орны оюутнуудтай хамт суралцах учраас тэдний соёлоос суралцах, тэдэнтэй найзууд болох, хичээл номоо хамт давтаж, нэг нэгэндээ дэмжлэг үзүүлэх мөн чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх боломжтой. Энэ бүгд таны Герман хэлээ сайжруулах үндэс болдог. Бэлтгэл коллеж төгссөнөөр их сургуулийн эхний семестрүүдэд харьцангуй ачаалал багатай байх болно. Үүгээр ч зогсохгүй таны гадаад оронд сурч боловсрох үндэс тавигдах ба мэргэжлээрээ амжилттай сурах тулгуур болж өгнө.
Эх сурвалж:
Германы бэлтгэл коллежийн дэлгэрэнгүй жагсаалтыг дараах линкээр орж Pdf хэлбэрээр авна уу. Баярлалаа
http://www.studienkollegs.de/pdfs/Kontakdaten-der-bundesweiten-Studienkollegs.pdf
ЕБС төгсөөд коллеж орж боломжгүй гэсэн үг үү? Заавал монголын их сургуульд 1 жил суралцсан байх шаардлагатай юм уу? 12 жилээ төгсөөд коллежид сурч байгаа хүмүүс байсан.
Сайн байна уу. 12-р ангиа төгсөөд ЭЕШ-ээ 5 хичээлээр өгөөд 550-аас дээш оноо авсан эсвэл Монголдоо улсын их сургуульд 1 жил сурсан бол Германд суралцах эрх нээгдэнэ. 12-р ангиа төгсөөд коллежид сурч байгаа хүмүүс дараах болзолыг хангасан хүмүүс юм.
Магистр хамгаалахад бас 5н хичээлээр эеш өгсөн байх хэрэгтэй юу?
Сайн байна уу 12 ангиа төгсчихсөн эеш өгөөгүй бол германд их сургуульд сурах ямар ч боломжгүй юу