МЭРГЭЖИЛТЭЙ МОНГОЛ ЗАЛУУС ХӨТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол улсын хүн амын амжиргааны доод түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхэд /цаашид Суралцагч гэх/-ийг Герман улсад үнэ төлбөргүй мэргэжил эзэмшүүлэх, тэтгэлэгт хамрагдахад энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Мэргэжилтэй Монгол Залуус хөтөлбөр /цаашид Хөтөлбөр гэх/-ийн тэтгэлэгийн зорилго нь гадаад улсад суралцах чин хүсэл эрмэлзэлтэй ч ар гэрийн гачигдлын улмаас суралцах боломжгүй хүүхэд, залуучуудад боломж олгох, Герман улсад мэргэжил эзэмшин дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болгоход чиглэнэ.
1.3. Энэхүү журам нь 20 хүртэл насны, Шенгени болон Европын ямар нэг орны визний зөрчилгүй Монгол Улсын иргэнд хамаарна.
1.4. Хөтөлбөрийн хүрээнд жил бүр 3 хүүхдийг хамруулах бөгөөд сонгон шалгаруулалтын журмаар шалгаж авна.
Хоёр. Тэтгэлэг олгох үйл ажиллагаа
2.1. Энэхүү журамд заасан шаардлагыг хангасан суралцагчтай Эй Би Си Ворлд ХХК /цаашид компани гэх/ тэтгэлэгийн гэрээ байгуулна.
2.2. Тэтгэлэгт багтах зүйлс
2.2.1. Герман хэлний А1-В2 түвшин болон Мэргэжлийн Герман хэлний сургалт 2.2.2. Бүтэн жилийн Герман номын сан ашиглах эрх
2.2.3. Бичиг баримтын орчуулга болон баталгаажуулалтын зардал
2.2.4. Шуудангийн зардал
2.2.5. Суралцах өргөдөл, бичиг баримтны бүрдүүлэлтэнд туслах
2.2.6. Герман улсад онол, дадлага ажил хосолсон сургалтад хамруулах ажлыг зохиоон байгуулах гэх мэт…
2.3. Тэтгэлэгт хамрагдсан суралцагчийн сурлагын түвшнээс хамаарч гэрээг цааш үргэлжлүүлэх, цуцлахыг компани шийдвэрлэнэ. Суралцагч нь сургалтын төвийн Герман хэлний сургалтын А1-В2 түвшин бүрт 70%-иас дээш үзүүлэлттэй тэнцэхээс гадна Герман улсад хүлээн зөвшөөрөгддөг сертификатын шалгалтын В2 түвшинтэй дүйцэх шалгалтанд тэнцэх ёстой.
2.4. Суралцагчтай явцын дунд гэрээ цуцлагдсан тохиолдолд тухайн жилийн шалгаруулалтанд 4, 5 болон 6-д жагссан суралцагчтай шинээр гэрээ байгуулна.
2.5. Сургалтын тэтгэлэгт Герман улсад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөх шалгалтын төлбөр багтахгүй.
2.6. Тэтгэлэгийн сонгон шалгаруулалт нь дараах 2 үе шаттай явагдана. Үүнд:
2.6.1. Бичиг баримтны бүрдүүлэлт
2.6.2. Ярилцлага
2.7. Тэтгэлэг нь жил бүрийн 6 сарын 16-ны өдрөөс эхлэн нийтэд зарлагдаж, 7 сарын 31-ны өдрөөр материал авах хугацааг хаана.
Гурав. Компаны эрхлэх үйл ажиллагаа
3.1. Компани нь тэтгэлэгт хөтөлбөрийг зарлан тэтгэлэгт ирүүлсэн материал, тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй суралцагчийг сонгон шалгаруулна.
3.2. Компани нь суралцагчийг Герман хэлний А1-В2 түвшний сургалтаар хангана.
3.3. Компани нь суралцагчийн явцийн шалгалтыг зохион байгуулна.
3.4. Компани нь суралцагчийг Герман улсад тэтгэлэгт сургалтанд хамруулах ажлыг зохион байгуулна.
Дөрөв. Суралцагчийг сонгон шалгаруулах
4.1. Журмын 1.3 заасан шаардлагыг хангасан суралцагч дараах материалыг бүрдүүлэн өргөдөл гаргана.
4.1.1. Хөтөлбөрт хамрагдагчийн анкет бөглөх /Компани дээр өөрийн биеэр ирж авах юмуу эсвэл манай цахим хуудаснаас татаж авч болно./
4.1.2. Иргэний үнэмлэхний хуулбар
4.1.3. Сүүлийн 3 сарын дотор авхуулсан 4х3 хэмжээтэй цээж зураг
4.1.4. Сургуулийн тодорхойлолт
4.1.5. Оршин суугаа хорооны тодорхойлолт /амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготойг нотлох/
4.1.6. Гэр бүлийн гишүүдийн орлого нотлох баримт бичиг
4.1.7. “Яагаад би Герман улсад суралцах ёстой вэ?” сэдэвт эссэ 1000 хүртэл үгтэй байх
4.1.8. Нийгмийн идэвхи: (Сайн дурын ажил, нийгэмд тустай ажилд оролцсоныг нотлох сертификат, батламж)
4.1.9 Тодорхойлох захидал – 2ш (Багш эсвэл сайн дурын байгууллагаас авах)
4.2. Сонгон шалгаруулалт нь 2.5 заасны дагуу 2 үе шаттай байна. Шалгарсан суралцагчийн хариуг www.abcworld.mn цахим хуудсанд нийтлэнэ.
Тав. Бусад
5.1. Энэхүү журамд Үндэсний Статистикын хорооноос гаргасан он, оны амьжиргааны доод түвшний орлогын хэмжээгээр тодорхойлно.
Recent Comments