Герман улсад бизнес, эдийн засгийн чиглэлээр Герман юмуу Англи хэл дээр, эсвэл хоёр хэл дээр суралцах боломжтой. Ялангуяа англи хэл дээр 300 гаруй магистрын хөтөлбөрүүд байдаг нь мэргэжил дээшлүүлэхийг хүсч буй гадаад оюутнуудын хувьд маш том боломж юм. Мөн баклаврын цөөн хэдэн хөтөлбөрийг англи хэл дээр санал болгодог боловч ихэнх хөтөлбөрүүд Герман хэл дээр явагддаг гэдгийг анхаараарай.

Баклаврын хөтөлбөрт 6-7 семестр, харин магистрт 4 семестр суралцана.  Хичээлийн хөтөлбөрийн агуулга нь их, дээд сургуулиас хамааран өөр өөр байх ба нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засаг, маркетинг менежмент, хяналт шалгалт, хууль эрх зүй болон эдийн засгийн мэдээлэл зүй нь сургалтын хөтөлбөрт багтана. Гэхдээ санал болгож буй хөтөлбөрүүд нь тухайн их, дээд сургуулиас хамаарч өөр өөр байна. Дараах чиглэлүүдээс сонгон судлах боломжтой. Үүнд:

  • Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл, татвар
  • Бизнесийн эдийн засаг
  • Олон улсын бизнесийн удирдлага
  • Эрүүл мэндийн менежмент, нийгмийн менежмент
  • Худалдаа
  • Маркетинг
  • Ложистик
  • Үл хөдлөх хөрөнгийн менежмент
  • Аялал жуулчлал
  • Зочид буудал, үйл ажиллагаа соёлын менежмент
  • Хүний нөөцийн менежмент
  • Бизнесийн менежмент
  • Үйлдвэрлэлийн менежмент

Германд их, дээд сургуульд сурахад ямар зардал гарах вэ?

Герман улсын ихэнх улсын их, дээд сургуулиудад сургалтын төлбөр байдаггүй. Харин семестр тутамд 150-350€ -ны хураамж авдаг. Их, дээд сургууль болгон өөрсдөө семестрын хураамжны үнийн дүнг тогтоодог. Харин Баден-Вюртемберг мужийн их, дээд сургуулиуд нь сургалтын төлбөртэй. 2017 оноос хойш Баден-Вюртемберг мужийн улсын их дээд сургуулиуд нь гуравдагч орны оюутнуудаас сургалтын төлбөр авахаар болсон бөгөөд үүнд Штутгарт, Карлсруэ, Манхайм, Фрайбург, Хайдельберг болон бусад хотуудын сургуулиуд багтдаг. Тус мужийн сургуулиудын сургалтын төлбөр нэг улиралд 1500 евро орчим байгаа бөгөөд энэ нь Европын бусад орнуудтай харьцуулахад хамаагүй хямд хэвээр байна.

Хэзээ, хаана өргөдөл гаргах вэ?

Таны суралцахыг хүсэж буй их сургууль Uni-assist эсвэл Hochschulstart –аар дамжуулж өргөдөл гаргадаг эсэхийг урьдчилан асуугаарай. Хэрэв шаардлагагүй бол их сургууль руугаа шууд хандах боломжтой.

Өргөдлийг зуны семестрт 1-р сарын 15, өвлийн семестрт 7-р сарын 15 хүртэл хүлээн авдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.daad.de

Тавигдах шаардлага

Өргөдөл гаргахын тулд та “Их, дээд сургуулийн элсэлтийн шалгуур” –ыг хангах шаардлагатай. Мөн та Герман эсвэл Англи хэлний сертификаттай байх хэрэгтэй.

Элсэн суралцахын тулд хэлний ямар түвшинтэй байх ёстой вэ?

Их, дээд сургуульд элсэн суралцахын тулд та доорх Герман хэлний мэдлэгтэй байх ёстой.

  • DSH: DSH-2 түвшин
  • TestDaF: TDN-4 түвшин
  • DSD: II түвшин
  • Гёте сертификат: ихэвчлэн С2 түвшин

DAAD -ын англи хэл дээр санал болгож буй сургалтын талаархи тоймыг доорх линкээр харна уу. www.daad.de/international-programmes.

Хэрэв англи хэл дээрх сургалтанд хамрагдахаар бол хэлний түвшинг баталгаажуулах бичиг баримт мөн өгөх ёстой.

Таны сонгосон сургууль, сургалтын хөтөлбөрөөс хамаараад англи хэлний шалгуурт  тавигдах оноо нь өөр байж болох хэдий ч ихэвчлэн TOEFL 80, IELTS 6.5 онооноос дээш байхыг шаарддаг.

Иймээс амжилттай элсэн орохын тулд болж өгвөл хэлний оноо өндөр авах шаардлагатай. Ялангуяа эрэлт ихтэй сургуулийн хувьд өрсөлдөөн ширүүн явагддаг учраас элсэлтийн комисс хэд хэдэн гүйцэтгэлийн элементийг харгалзан үздэг. Өөрөөр хэлбэл англи хэлний өндөр мэдлэг, өмнөх боловсролын сурлагын дүнгийн сайн үзүүлэлт зэрэг нь таныг сонгоход нөлөөлдөг гэсэн үг. 

Монгол улсын дунд сургуулийн гэрчилгээг Герман улсад хүлээн зөвшөөрөх үү? Баклаврын сургалтанд хэрхэн элсэн суралцах боломжтой вэ?

2015 оноос хойш олгогдсон “Бүрэн дунд боловсролын гэрчилгээ”-г хүлээн зөвшөөрнө. Гэхдээ нэмэлт нөхцөл нь хамгийн багадаа 5 хичээлээр ЭЕШ өгч тус бүрт нь 500 дээш оноо авсан байхыг шаардана. Эдгээр шаардлагыг хангасан тохиолдолд эхлээд их сургуулийн бэлтгэл коллежд элсэж, хоёр семестр буюу нэг жилийн хугацаатай суралцах шаардлагатай. Хоёр семестрийн дараа оюутнууд үнэлгээний ( FSP ) шалгалт өгч, их, дээд сургуульд сонгосон мэргэжлээрээ өргөдөл гаргах эрхтэй болно.

Харин Монголдоо их сургуульд суралцаж буй оюутнуудын хувьд хэлний мэдлэг нь хангалттай бол бэлтгэл коллежд суухгүйгээр Герман улсын их сургуулийн баклаврын хөтөлбөрт шууд элсэн суралцаж болдог.

Монголд бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр авсан тохиолдолд  үргэлжлүүлэн Герман улсад магистр хамгаалах боломжтой юу?

Бүрэн боломжтой. Гэхдээ Герман улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монгол улсын их сургуулиудад суралцаж, баклаврын зэргээ авсан байх ёстой. Үүнд Монгол улсын нийт 18 их сургууль багтдаг. Та суралцах гэж буй их сургуулийнхаа тавигдах шаардлагыг хангаад өргөдөлөө гаргахад болно. Тавигдах шаардлага нь сургуулиасаа хамаараад бага зэрэг өөр байна. Зарим сургуулиудын Бизнесийн Удирдлагын Магистр /MBA/ хөтөлбөрт элсэхэд GRE эсвэл GMAT шалгалтын оноо, ажлын туршлага шаарддаг.

https://www.studieren-studium.com/
https://www2.daad.de/deutschland/studienangebote/international-programmes/en/
https://www.study-in-germany.de/en/plan-your-studies/find-programme-and-university/