Сайн байна уу? Юуны өмнө өөрийгөө танилцуулья. Намайг Болдбаатарын Нэмүүлэн гэдэг. Би Герман улсын Studienkolleg/бэлтгэл коллежид 1 жил суралцсан туршлагаасаа та бүхэнтэй хуваалцаж байна. – Одоогоос яг 2 жилийн өмнө буюу 2019 онд Германы Mecklenburg-Vorpommern мужийн харьяа Wismar хотод Hochschule-Wismar-ын Studienkolleg-д 1 жилийн хугацаатай суралцсан. Тухайн үед өөр сургуульд элсэн орох шалгалт өгсөн боловч шалгалтандаа тэнцээгүй учир нилээд сэтгэлээр унаж, өөртөө маш их урам хугарч байсан. Тэр үеийг миний амьдралын хамгийн хэцүү үе гэж нэрлэж болох юм. – Wismar хот нь хүн ам багатай, жижигхэн хот хэдий ч ер бусын өвөрмөц, өнгө алагласан барилга байгууламжтай, гудамжинд нь бараг л хүн амьтан байхгүй юм шиг нам гүм, их сонин санагдаж байж билээ. – Би Германд анх ирэхдээ шууд Франкфурт хот буюу Америкийн New York хот гэж хэлж болохоор маш том хотод ирж байсан. Таньж мэдэх хүнгүй энэ том хотод ганцаараа бие дааж амьдарсанаар өөрийгөө илүү сайн таньж мэдэхийн зэрэгцээ өөрийгөө бүх талаар сорьж үзэх гайхалтай боломж олдсон юм.- Амьдралдаа анх удаагаа оюутны байранд амьдарч үзсэн, бас олон улсын оюутнуудтай сайн найзууд болж танилын хүрээгээ тэлж чадсан. Хичээлийн хувьд суурь хичээлүүд болох математик, дээд түвшний герман хэл, англи хэл, эдийн засаг, мэдээлэл зүй зэрэг хичээлүүд ордог байсан. Хичээл өглөө 8:00 цагт эхэлж, 7 хоногийн 5 өдөр хичээллэдэг байсан учир яг л дунд сургуульдаа буцаад орчихсон юм шиг мэдрэмж төрж байсан. Сургуульдаа дасан зохицох гэж их чармайлт гаргасан даа. Хамгийн хэцүү нь 2 долоо хоног тутамд шалгалт авдаг, явцын, улирлын гэх мэт тэр их шалгалтууд тухайн үедээ хэзээ ч дуусахгүй мэт их хүнд санагддаг байсан боловч одоо эргээд бодоход намайг их сургуульдаа амжилттай суралцахад минь бэлдэж байсан юм билээ. – Studienkolleg/Бэлтгэл коллежийн багш нар маань наанаа хатуу чанга боловч үнэхээр найрсаг хүмүүс байсан. Лекцийн тэмдэглэл яаж хөтлөхөөс эхлүүлээд шалгалтанд яаж бэлдэх, илтгэл хэрхэн тавих, хэрхэн зөв мэтгэлзэх зэрэг амжилттай суралцахад шаардлагатай бүхий л ур чадваруудыг нэг бүрчлэн зааж өгсөн. Манай ангийн бараг тал хувь нь Индонез улсаас ирсэн Ази оюутнууд байсан. Анхандаа манай сургууль Индонез улсын аль нэг сургуультай хамтарч ажилладаг юм байна даа гэж бодсон ч үгүй байсан, харин тэд зүгээр л хаана ямар боломж байгааг бие биеэндээ нээлттэй хуваалцаж, хамтарч ажиллах чадвартай хүмүүс гэдгийг ойлгосон. – Манай Монголчууд ч гэсэн ийм сэтгэлтэйгээр нэг нэгэндээ мэдээлэлээ нээлттэй хуваалцаж, бие биетэйгээ өрсөлдөгчийн биш найзын сэтгэлээр ханддаг байгаасай гэж битүүхэн цагаан атаархал төрж байлаа. – Тухайн үед Нацагдоржийнх хэмээх нэгэн Монгол гэр бүл тэнд ажиллаж амьдардаг байсан. Эхнэр нь миний сурч байсан сургуульд гадаад оюутан хариуцсан сургалтын албанд ажилладаг байсан, тэд маань мөн ч их тус болсон доо. Надад яг л өөрийн охин шигээ хандаж гэртээ урьж, гоё монгол хоол хийж өгөн, хэрэгтэй зүйлс дээр минь гараа сунган тусалдаг сайхан сэтгэлтэй ах эгч хоёр байж билээ. Нэг удаа бүр миний төрсөн өдрөөр өөрсдөө гарын бялуугаа хийчихсэн оюутны байранд маань зорьж ирж баяр хүргэж билээ. Үнэхээр сэтгэл сайтай хүмүүс. Цөөхөн хэдэн монголчууддаа аль чадахаараа тусалдаг, бүрхэг жижигхэн Wismar хотыг гэрэлтүүлдэг хүмүүс гэж хэлэхэд хэлстэхгүй байх. – Би хичээлийнхээ хажуугаар McDonald‘s-ын сүлжээ ресторанд захиалга авдаг, хоол савладаг цагийн ажил хийдэг байсан. Германд сурахаар явах гэж байгаа хүүхдүүдэд захиж хэлэхэд хүнтэй харилцдаг харилцааны ажил хийвэл Герман хэл чинь илүү үр дүнтэй сайжирдаг юм байна лээ шүү, ядаж л хүний өмнө гараад юм ярьж, чөлөөтэй харилцаж чаддаг болно. Өөрийгөө хэл муутай гэж голохгүйгээр зоригтой байж аль болох хүнтэй харилцдаг ажил хийгээрэй.- Энэ бүхнээс дүгнээд хэлэхэд Studienkolleg/Бэлтгэл коллежид сурах нэг жилийн хугацаанд бие даан амьдарч сурсан, бүх зүйл дээр өөрөө шийдвэр гаргаж сурсан, ажил хийж сурсан, зарим үед тэвчээртэй, зарим үед зоригтой байж сурсан. Энэ бүх зүйлс маань намайг Германы Дээд боловсролыг эзэмшихэд хангалттай сайн бэлтгэж өгсөн ба хэзээ ч мартагдахааргүй дурсамж дүүрэн жил болж өнгөрсөн дөө.

❤️
💛

Nemuulen Bold 2021.09.07#ABCWorldInstitute