Эй Би Си Ворлд ХХК нь 2013 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхлсэн бөгөөл 2014 оноос Герман болон англи хэлний сургалтын Эй Би Си Ворлд институтыг үүсгэн байгуулж өнөөдрийг хүртэл амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. Ингээд тус институтын Ахлах багш Т. Соёлмаагийн Герман хэл сурч буй хүүхэд, залуучуудад зориулсан сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

  • Сайн байна уу? Та юуны өмнө өөрийгөө танилцуулна уу!

Сайн байна уу. Уншигч та бүхэнд мөн энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие Монгол Улсын Их Сургуулийн Герман хэл шинжлэлийн ангийн төгсөх курсын оюутан байхаасаа ABC World Institute-тэйгээ холбогдож, богино цагаар Герман хэл зааж эхэлсэн. Тэр цагаас хойш одоог хүртэл 4 дэхь жилдээ Герман хэлний багшаар ажиллаж байна.

  • Та байгууллагынхаа талаар товч танилцуулна уу?

Манай байгууллага нь гадаадын өндөр хөгжилтэй оронд сурч ажиллаж, амьдрах хүсэл мөрөөдөлтэй хүүхэд залуустаа мэргэжлийн зөвлөгөө өгч, хүссэн сургуульдаа амжилттай элсэн суралцахад нь туслах зорилгоор 2013 онд анх байгууллагдсан бөгөөд Боловсрол Зуучлал болон Герман, Англи хэлний сургалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

  • Танай сургалтын төвийн онцлог, давуу тал юу вэ?

Бид суралцагч бүрийн идэвхийг жигд байлгахад нэн түрүүнд анхаардаг. Мэдээж нэг анги дотор өөр өөр сурах арга барилтай, өөр өөр зан төлөвтэй хүмүүс суралцдаг. Ямар ч төрлийн суралцагч байсан өөрийнх нь хэв маягт тохируулж, тухайн суралцагчийн давуу болон сул талыг нь олж харснаар шаардлагатай бол тэдэнтэй ярилцаж Герман хэл сурах идэвхи, сонирхлыг нь алдагдуулахгүй байх тал дээр тулж ажилладаг. Жишээ нь, хүүхэд байхаасаа л дуу цөөтэй, өөрийгөө нээлттэй илэрхийлэх чадвар муу, олны дунд ичиж сандардаг төрлийн хүмүүсийн хувьд гадаад хэл сурахад энэ зан нь их саад болдог. Ийм төрлийн суралцагчдад нээлттэй байх талаар ойлгуулж, ар гэрийнхнээс нь дэмжлэг хүсч,  хувь хүний үндсэн хандлага, зан төлөвтэй нь хүртэл ажиллах шаардлага гардаг байх жишээний. Үндсэндээ биднийг зориод ирсэн сурагчаа үр дүнтэй төгсгөж гаргахын тулд бүхий л талын дэмжлэг туслалцааг үзүүлж, бидний зүгээс ч шаардах зүйлсээ шаардаад явдаг гэсэн үг юм.

  • Энэ хугацаанд танай сургалтын төвөөс төгсөн гарсан сурагчдын амжилтуудаас хуваалцвал?

Бид байгууллагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл нийт 400 гаруй сурагчдад Герман хэл заасан байдаг. Мэдээж суралцагч бүрийн амжилт харилцан адилгүй байдгийг нуух юун. Тухайн суралцагчийн амжилт ямар байх нь өөрөөс нь их шалтгаалдаг, түүний тууштай, хичээнгүй байдал сургалтын үр дүнд чухал нөлөөтэй. Манай суралцагч нар дунд Герман хэлний сургалтаа дуусгаад Герман болон Австри улсуудад өөр өөрсдийн чиглэлээр үргэлжлүүлэн амжилттай суралцаж төгссөн болон одоо суралцаж байгаа олон олон төгсөгчид бий. Үүнээс гадна манай сургалтанд хамрагдаж Герман хэл сурснаараа ажил кареертаа томоохон давуу талуудыг авчирч чадсан хүмүүс ч олон байдаг. Зарим хүүхдүүдийн хувьд Герман хэл сурах явцдаа өөрсдийгөө олж, хүсэл мөрөөдлөө тодорхойлсон тохиолдол хүртэл байдаг шүү.

  • Танай сургалтын төв Герман багштай хамтарсан сургалт эхлүүлэх гэж байгаа гэсэн. Тус сургалтын давуу тал юу вэ?

Мэдээж нэн түрүүнд сурагчдын ярих болон сонсох чадвар сайжирна. Герман хэлний хувьд англи хэлтэй харьцуулвал манай оронд хэрэглэгдэх нь ховор учраас сурагчдын хувьд тэр бүр эх хэлтэй хүнтэй ярилцах боломж олддоггүй шүү дээ. Харин бид энэ боломжийг суралцагч нартаа нээж өгч байгаадаа тун баяртай байгаа. Тэд Герман багштай хичээллэснээр Герман орны түүх соёл, ёс заншилтай илүү ойроос танилцаж, хэл сурах хүсэл эрмэлзлэл нь улам их нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

  • Энэхүү сургалт нь хэзээнээс эхлэх вэ?

Бид Герман багштай сургалтаа энэ оны 4 сараас эхлүүлэх төлөвлөгөөтэй байсан ч дэлхий даяар тархаад байгаа COVID 19 вирусын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байна. Хорио цээр тавигдахаар сургалтаа эхлүүлнэ. Багш маань Герман улсаас яг хэзээ ирэхээ хүлээгээд байж байгаа.

  • Мөн танай сургалтын төв бага насны хүүхдүүдэд Герман хэл заахаар төлөвлөж байгаа гэсэн. Энэ сургалт нь хэд хэдэн насны ангилалтай явагдах вэ?

Тийм ээ, бид үүсгэн байгууллагдсан цагаасаа хойш ахлах ангийн сурагчид болоод насанд хүрэгчдэд зориулан сургалтаа явуулсаар ирсэн. Харин энэ оноос бид үйл ажиллагаагаа тэлж, илүү олон хүмүүст хүртээлтэй байлгах зорилгоор бага насны хүүхдүүдэд зориулсан Герман хэлний сургалт явуулахаар шйидэж, сургалтын материалаа судлаж, төлөвлөгөөгөө гаргачихаад байна. Насны ангилалын хувьд …….. гэсэн ангиллаар сургалт хичээллэнэ.

  • Уншигчдад маань сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Таны хувьд Герман хэл сурах болсон шалтгаан тань юу вэ?

Яг үнэндээ миний Герман хэл сурах болсон маань гэнэтийн шийдвэр байсан. Би “Хэлтэй бол хөлтэй” гэдэг үгийг 10 жилд байхаасаа л мөрдөж, тухайн үед англи хэлийг хичээнгүйлэн суралцаж эхэлсэн. Хожим нь багш болох хүслээ олж, англи хэлний багш болно гэж бодож байлаа. Орон нутагт 10 жилээ төгссөн учир тэр үед их сургуулийн хувиар жил бүр өөр өөр тоогоор, өөр өөр хувиарлалтаар ирдэг байсан, ингээд англи хэлний ангид ороогүй ч МУИС-ын Герман, Солонгос, Турк гэсэн хэлний ангиудаас Герман хэлийг сонгож суралцахаар шийдсэн. Маш богинохон хугацаанд бодож гаргасан шийдвэр хэдий ч энэ нь миний хувьд зөв сонголт байсан гэж санагддаг. Бас өнөөдрийн нийгэмд англи хэлнээс гадна өөр нэг хэл эзэмшиж суралцсандаа харин ч их талархалтай байдаг. Учир нь Герман хэл, соёл миний аливаад хандах хандлага, харах өнцгийг минь өөрчилж, өөр нэг ертөнцийг нээж өгсөн. Мөн би энэ л хэлээрээ дамжуулж шавь нарыгаа ирээдүйн зорилгодоо хүрэхэд нь чиглүүлж, тэдэнд тус дэм болж бас тэднийхээ амжилтаас урам зориг авч яваа. 

  • Герман хэлийг хүмүүс их хэцүү, хатуу дуудлагатай, их дүрэм үздэг гэж ярьдаг. Харин таны хувьд юу гэж боддог вэ? Мөн эцэст нь та Герман хэл сурахаар төлөвлөж байгаа болон суралцаж байгаа хүүхэд, залуучуудад юу гэж зөвлөх вэ?

Тийм ээ, хүн бүр л тэгж боддог байх. Энэ нь олны дунд байдаг нийтлэг ойлголт. Ер нь амар хялбар сурчихдаг гадаад хэл гэж байхгүй болов уу гэж бодож байна. Таны тухайн хэлэнд эхнээсээ хэрхэн хандаж байгаа хандлага чухал. Анхнаасаа л Герман хэлийг хэцүү, давашгүй даваа гэж итгэл, зориггүйгээр сурч эхлэвэл та өөрийгөө тэр бодолдоо улам автуулж, шинэ хичээл нэмж үзэх бүрт дарамт болгож хүлээж авна. Энэ нь яваандаа залхуурч, шантрахад хүргэдэг. Гадаад хэл сурч байгаа хэн бүхэн зорилготой, тууштай, мотивацитай, хариуцлагатай байх хэрэгтэй. Миний хувьд сурагчиддаа Герман хэл сурах нь хэцүү гэдгийг мэдрүүлж биш, аль болох хялбар аргаар ойлгуулж, чи хичээх л юм бол хүссэн түвшиндээ хүрч чадна, энэ бол боломжтой зүйл гэдгийг харуулж, Герман хэлэнд дурлуулахыг зорьдог. Дуртай зүйлдээ хүн хэнээр ч шаардуулахгүйгээр хүчин чармайлт гаргаж эхэлдэг. Ринчен гуайн шавь Чой. Лувсанжав  “Гадаад хэлийг нэг л суръя хэмээн бариваас өдөр алгасалгүй тогтмол үзвэл таарна. Учир иймд гадаад хэлийг зорилготой, зоригдахуунтай бас зоригтой үзвээс зохилтой” гэж хэлснийг санах хэрэгтэй. Зөвхөн Герман хэл гэлтгүй гадаад хэл сурч байгаа суралцагчдад өдөр бүр тогтмол цагийг тухайн хэлээ сурахад зарцуулж байгаарай гэж зөвлөмөөр байна. Алдаг оног, хааяа нэг давтдаг бол гадаад хэл төдийлөн сайжрахгүй. Мөн техник технологи хөгжсөн энэ эрин зуунд өөрт сонирхолтой аргаар, өөрийгөө залхаалгүйгээр суралцах нь илүү үр өгөөжтэй байх болно.

  • Сургалтын төвийнхөө талаар болон бусад мэдээллийг хуваалцсан танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

Баярлалаа. Та бүхэнд ч бас сайн сайхныг хүсье.