Австрали улсад эрчимжүүлсэн судалгаа шинжилгээ хийдэг (Go8) буюу шилдэг 8 бүлэг сургууль бий. Үүнд:

  • The University of Queensland
  • The University of Melbourne
  • The Australian National University
  • The University of Sydney
  • The University of Western Australia
  • The University of Adelaide
  • Monash University
  • UNSW Sydney

Эдгээр 8 сургууль нь 1999 онд нэгдэж компани болсон ба удирдах зөвлөл нь Австрали улсын нийслэл Канберра хотод байрладаг. Гол зорилго нь удаан хугацааны туршид тогтвортой үйл ажиллагаа явуулах үндэсний дээд боловсролын сургуулиудыг сайжруулах, мөн дээд зэрэглэлийн олон улсын холбоо, судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал юм.

Австралийн дээд боловсролын байгууллагуудын чанарын үзүүлэлтээр дээгүүр байранд ордог төдийгүй 8 бүлэг сургуулийн 7 сургууль нь дэлхийн шилдэг 100 сургуульд багтдаг, мөн эдгээр сургуулиуд бүгд дэлхийн шилдэг 150 сургуулийн жагсаалтад багтдаг байна.

Австралийн өрсөлдөх чадварын тэтгэлгийн 73% -ийг авдаг бөгөөд судалгааны салбараар дэлхийд 4 эсвэл 5-р байранд бичигддэг. Судалгааны 99% нь дэлхийн хэмжээний судалгаа юм. Жил бүр 6 тэрбум долларыг судалгааны ажилд зарцуулдаг ба үүнээс эмчилгээ, эрүүл мэндийн судалгаанд 2 тэрбум долларыг зарцуулдаг аж.

Эдгээр бүлэг сургуулиуд нь Австралийн эдийн засагт нэлээд хувь нэмэр оруулдаг байна. 2018 оны Лондонгийн эдийн засгийн тайланд 8 сургууль нь Австралийн эдийн засагт жил бүр 66,4 тэрбум долларын нөлөө үзүүлж байгаа талаар дурджээ. Судалгаа шинжилгээний ажил нь жил бүр 24,5 тэрбум долларын орлого оруулдаг. Судалгааны орлогын 1 доллар тутамд дунджаар 10 долларын ашиг олдог байна. Мөн 50,000 гаруй ажлын байрыг бий болгожээ. Тус 8 сургуульд суралцаж байгаа гадаад оюутнууд гэхэд л Австралийн эдийн засагт жил бүр 17,98 тэрбум долларын орлого оруулдаг байна.

Бразил, Хятад, Чили, Франц, Герман улсад байрлах маш олон тооны олон улсын холбоод, их сургуулиуд, судалгааны байгууллагуудтай хамтарч ажилладаг. Мөн түүнчлэн Их Британи, Канад, АНУ, Япон улсын бүлэг их сургуулиудтай нягт хамтарч ажилладаг байна.

Одоогоор эдгээр 8 бүлэг сургуульд 380,000 гаруй оюутан суралцаж байгаа бөгөөд энэ нь Австралид дээд боловсрол эзэмшихээр суралцаж буй нийт оюутны дөрөвний нэгтэй тэнцэх тоо юм. Жил бүр 96,000 орчим чанартай төгсөгчид төгсдөг байна. Австралийн олон улсын оюутнуудын гуравны нэг нь эдгээр 8 сургуулийг сонгон суралцдаг ба одоогоор дэлхийн 200 орны 100,000 орчим оюутан суралцаж байна.

Австралийн эмч, шүдний эмч, малын эмч нарын талаас илүү хувийг бэлтгэдэг ба шинжлэх ухааны төгсөгчдийн 55%, инженерийн төгсөгчдийн 40%-ийг бэлтгэн төгсгөдөг. Оюутнуудын гуравны нэг нь (аль ч түвшинд суралцаж буй) гэр бүлийнхэн дотроосоо хамгийн анх их сургуульд хамрагдаж буй оюутан байдаг байна. Бакалаврын зэрэг төгсөлтийн түвшин бусад сургуулиудтай харьцуулахад өндөр байдаг ба төгсөгчдийн үзүүлэлтээр эхний 11-д ордог байна.

Ашигласан эх сурвалж: https://go8.edu.au/about/the-go8