Англи улсын нийслэл Лондон хот нь хотын төвөөсөө зах руугаа чиглэсэн 9 бүсэд хуваагддаг. Эдгээр бүсчлэлээс шалтгаалан амьжиргааны өртөг, нийтийн тээврийн зардал болон дүүргийн татварууд харилцан адилгүй байдаг. Дүүргийн татвар нь Лондон хотод ямар үнэлгээтэй байранд амьдарч байгаагаас шалтгаалан 18 наснаас дээш насны нэг гэр бүл буюу 2 хүн амьдарч байгаа гэсэн үндэслэлээр тогтоодог. Харин энэхүү дүүргийн татвараас бүтэн цагаар суралцаж буй оюутнууд 100% чөлөөлөгддөг ба таны сургалтын хугацаа дууссан өдрөөс эхлэн татвар тооцогддог гэдгийг анхаараарай.

Дүүргийн татвар нь таны амьдарч буй тухайн орчны амгалан тайван, ая тухтай байдлыг хангах, дүүргийн тохижилт болон нийгмийн эмзэг бүлэгт тусламж дэмжлэг үзүүлэхэд чиглэгддэг.

https://www.cityoflondon.gov.uk/services/council-tax/council-tax-bands-and-charges

Оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчдог

Лондон хот нь хэн бүхний зорин очиж суралцах, аялах, танилцах олон улсын газар гэдгээрээ алдартай. Лондонд та олон төрлийн нийтийн тээврүүдийг ашиглан зорьсон газраа хурдан шуурхай хүрэх боломжтой байдаг. Та нийтийн тээврээр зорьчихдоо метро болон автобусаар нэг удаагийнхаас 1 сар хүртэлх хугацаатай тасалбараас сонгож болно. Оюутны 7 хоногийн болон нэг сарын билетийг 30%-ийн хөнгөлөлттэй үнээр худалдан авч нийтийн тээврээр үйлчлүүлж болно.

https://tfl.gov.uk/

Сар бүр £20 төлөөд үнэгүй утас авах боломжтой

Англи улсад ихэнх үүрэн телефоны компаниуд сар бүр адил хэмжээгээр төлбөр төлөн утас авах боломжийг олгодог. Ингэж утас авахад та тогтмол орлоготой болон ажилтай байхад л хангалттай. https://www.vodafone.co.uk/

Хэрхэн банканд данс нээлгэх вэ?

Англи улсад анх удаа оюутан болж очиж байгаа бол банканд данс нээлгэх шаардлагатай. Банканд данс нээлгэхэд таны паспорт, сургуулийн тодорхойлолт, ажилд орсон бол ажлын газрын тодорхойлолт болон баталгаажсан гэрийн хаягтай байх ёстой. Ийм материалуудаа бүрдүүлээд л онлайнаар болон өөрт ойрхон банканд очоод дансаа нээлгэнэ дээ. https://www.ukcisa.org.uk/Information–Advice/Studying–living-in-the-UK/Opening-a-bank-account

Нийгмийн даатгалын карт захиалах

Англи улсад оюутан болж очиж буй залуусын ихэнх нь өөрийн амьжиргааг залгуулах, зарим нь бүр сургалтын төлбөрөө олох зорилгоор ажил хийдэг. Ажил хийхэд зайлшгүй шаардлагатай зүйл бол Social Insurance Number (card) буюу Нийгмийн даатгалын карт юм. Англи улсад ажиллаж байх хугацаандаа нийгмийн даатгал төлнө харин Англи улсад суралцах хугацаа дууссан бол төлсөн нийгмийн даатгалаа буцаан авч болдог. Нийгмийн даатгалд бүртгүүлэхэд https://www.gov.uk/apply-national-insurance-number энэ линкээр ороод л бүртгүүлчихнэ. Та нийгмийн даатгалд бүртгүүлээгүй байхдаа ч ажилд орж ажлаа эхэлж болдог шүү.

Бид удахгүй Англи улсад хэрхэн амьдрах болон яаж ажил олж хийх гэх мэт олон олон зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг оруулах болно.

Мэдээлэл бэлтгэсэн Н. Энхманлай