Канад улс дахь тэтгэлүүд
Banting Postdoctoral Fellowships
Тэтгэлгийн зорилго нь улсын болон олон улсын хэмжээнд чадварлаг докторын дараах зэрэгтэй хүмүүсийг татах ба хадгалах, тэдний манлайлах чадварыг хөгжүүлэх, мөн ирээдүйн шилдэг судлаачид бий болгоход оршино. Энэхүү тэтгэлэг нь эрдмийн зэрэг хамгаалахад зориулагдаагүй.
Хугацаа: 2 жил (сунгагдах боломжгүй)
Бүртгэл дуусах хугацаа: Жил болгоны 9-р сар
Судалгааны чиглэлүүд:
- Эрүүл мэндийн судалгаа;
- Байгалийн ухаан ба инженерчлэл;
- Нийгмийн шинжлэх ухаан ба хүмүүнлэгийн ухаан;
Тэтгэлэгт бүртгүүлэгчид нь докторын зэрэг эсвэл докторын зэрэгтэй дүйцэхүйц эрүүл мэндийн мэргэжлийн зэрэгтэй байх ёстой.
Жилийн тэтгэлгийн дүн:
- Докторын зэрэгтэй дадлагажигч – $40,000;
- Лицензтэй болон 2-с бага судалгаа шинжилгээ эсвэл клиникийн сургалтанд хамрагдсан туршлагатай эрүүл мэндийн мэргэжилтэн – $40,000;
- Лицензтэй болон 2-с илүү судалгаа шинжилгээ эсвэл клиникийн сургалтанд хамрагдсан туршлагатай эрүүл мэндийн мэргэжилтэн – $50,000;
- Канадад лицензгүй эрүүл мэндийн мэргэжилтэн – $21,000;
- Судалгааны тэтгэмж – жилийн $5,000;
Vanier Canada Graduate Scholarships
Тэтгэлэг нь Канадын засгийн газраас олгогддог бөгөөд өндөр мэргэшсэн докторант оюутнуудыг Канадын байгууллагуудад татахад тусалдаг. Энэхүү тэтгэлэг нь докторантурын сургалтын явцад 3 жилийн турш (сунгагдах боломжгүй) $50,000 олгодог ба эрдмийн ур чадвар, судалгааны чадамж, манлайлал гэсэн гурван шалгуур дээр үндэслэн сонгон шалгаруулдаг.
Тэтгэлэгт бүртгүүлэгчид нь тэтгэлгийн квоттой Канадын байгууллагаас нэр дэвших буюу томилогдох ёстой ба зөвхөн сурах хүсэлтэй байгаа байгууллагаасаа томилогдох хэрэгтэй.
Судалгааны чиглэлүүд:
- Эрүүл мэндийн судалгаа;
- Байгалийн ухаан ба инженерчлэл;
- Нийгмийн шинжлэх ухаан ба хүмүүнлэгийн ухаан;
Энэхүү тэтгэлэгт хамрагдахын тулд та:
- Тэтгэлгийн квот авсан Канадын зөвхөн ганцхан байгууллагаас томилогдох/нэр дэвших;
- Анхны докторын зэргээ хамгаалах гэж байх ёстой;
- Докторын зэргээ хамгаалахын тулд Канадын эрүүл мэндийн байгууллагаас тэтгэлэг аваагүй байх;
- 20-с илүү сар докторантурын сургалтад хамрагдаагүй байх;
- Тэтгэлэг авсныхаа дараа бүтэн цагийн докторын сургалтад хамрагдах болон нэр дэвшсэн байгууллагадаа судалгаа хийх;
Trudeau Doctoral Scholarships
Тэтгэлэг гэхээсээ илүү “Pierre Elliott Trudeau” сан нь докторын судлаачид дэлхийд чухал нөлөө үзүүлэх боломжийг олгодог. Энэхүү сангийн 3 жилийн хөтөлбөр нь идэвхтэй манлайлагчдыг сургахыг зорьдог билээ. Мөн энэ шинэлэг хөтөлбөр нь судлаачдын өөрсдийн мэргэшсэн чиглэлээсээ илүү өргөн хүрээнд харахад нь тусалдаг ба академийн сургалтынхаа гадуурх асуудал болон санаа бодлын талаар бусадтай харилцах хүслийг хөгжүүлдэг.
Эхний жил: Идэвхтэй Манлайллын Институт
Эхний жилийн хугацаанд судлаачид нь Канад болон дэлхий даяар байрлалтай Идэвхтэй Манлайллын Институтэд хамрагдах ёстой. Ингэснээр судлаачид нь их сургуульд тааралдах магадлал багатай туршлага болон санал бодлуудаас суралцаж нийгмийн, сэтгэл хөдлөлийн, зан чанарын шинэ чадваруудыг хөгжүүлдэг.
Хоёрдох жил: Нөлөөллийн бага хурал
Эхний жилдээ олж авсан манлайллын туршлага дээрээ үндэслэн судлаачид нь хоёрдох жилдээ мэдлэгээ олон нийттэй хуваах ба олон нийтийн харилцааг дэмжихийн тулд хамтарч нээлттэй бага хурал зохион байгуулна.
Гурав дахь жил: Бүтээлч төсөл
Хамгийн сүүлийн жилдээ судлаачид нь номын нээлтээс эхлээд хандив цуглуулах үдэшлэг хүртэл олон хэлбэрийн бүтээлч төсөл боловсруулж хэрэгжүүлдэг. Ингэснээр судлаачид нь өөрсдийн олж авсан мэдлэгээ харуулж, түгээж чаддаг ба олон нийттэй харьцах туршлага болдог.
“Pierre Elliott Trudeau” Сангийн судлаачид нь:
- Салбартаа тэргүүлдэг шилдэг оюутнууд, зөвлөхүүд, судлаачдын оролцдог идэвхтэй нийгэмлэгийн гишүүн болох боломжтой;
- Зөвлөгч болон хамтрагч судлаачаасаа манлайллын сургалт авах;
- Сургалтын төлбөр, амьжиргааны зардлаа төлөх $40,000 хүртэлх тэтгэмж 3 жилийн турш жил бүр авна;
- Судалгаа болон аяллын зардал гэж $20,000 хүртэлх тэтгэмж 3 жилийн турш жил бүр авна;
“Pierre Elliott Trudeau” Сангийн судлаачид нь:
- Нийгэмлэгээс зарласан аялалд явах ёстой;
- Хоёрдох жилдээ эрдмийн бага хурал хамтарч зохион байгуулах болон оролцох ёстой;
- Гурав дахь жилдээ судлаачид, зөвлөхүүд, оюутнуудтай хамтарч бүтээлч төсөл хэрэгжүүлэх ёстой;