КАНАД УЛС:
Канад улс нь хойд Америкт байрладаг бөгөөд 3 бүс нутаг болон 10 мужаас бүрддэг дэлхийд газар нутгийн хэмжээгээрээ 2 дугаарт ордог тэргүүлэгч эдийн засагтай улс юм.
Нийслэл хот: Оттава
Хамгийн том хот: Торонто
Засаглал: Парламент
Хүн ам: 37 сая гаруй
Газар нутаг: 9 984 670 км2
КАНАД УЛСАД СУРАЛЦАХ ШАЛТГААН
Канад улс нь 2004 оноос хойш Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргадаг “Амьдрах хамгийн таатай орчин бүхий TOP-10 улс”-уудын нэгт тогтмол багтсаар ирсэн. Тэр дундаа Vancouver, Toronto, Calgary зэрэг хотууд нь 2016 онд “Economist Intelligence Unit“ –с гаргасан судалгаагаар дэлхийн TOP-5 хотуудын нэг болж үнэлэгдсэн байна.
Та Канад улсын аль ч хотод, ямар ч түвшинд суралцсан дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх сертификат, диплом болон боловсролын зэрэгтэй болно гэдэгт эргэлзэх зүйлгүй. Канадын муж бүр боловсролын өндөр стандартыг хангасан чанарын баталгаажуулалтын тогтолцоотой бөгөөд бага, дунд, дээд гээд боловсролын бүхий л шатан дахь үйл ажиллагааг зохицуулах тусгай хууль, журамтай байдаг нь бусад орнуудаас ялгарах томоохон давуу талуудын нэг юм. Мөн муж бүр оюутнуудад англи болон франц хэл дээр, эсвэл дээрхи хоёр хэлийг хослуулан суралцах боломжийг олгодог.
Канад улсад суралцагчид болон төгсөгчид нь “Дэлхийн Эдийн Засаг, Хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага” (OECD) –аас гаргадаг PISA буюу олон улсын оюутнуудын боловсролыг үнэлэх судалгаанд тогтмол математик болон шинжлэх ухааны чиглэлээр тэргүүлдэг. Үүнээс гадна оюутан, суралцагчид практик ур чадвар сайтай байдаг нь дэлхийд өрсөлдөхүйц боловсон хүчин болох том түшиц болж өгдөг.
Канад улс боловсролын үе шат хоорондын тогтолцоо, уян хатан сургалтын орчин нөхцлөөрөө маш өндөр нэр хүндтэй бөгөөд суралцагч, оюутнуудад элдэв хүнд суртал, чирэгдэл учруулдаггүй. Мөн оюутнуудыг суралцах хугацаандаа болон сургуулиа төгссөний дараа ажил хийх зөвшөөрөл өгөөд зогсохгүй Канад улсын байнгын оршин суугч болох боломжоор хангадаг юм.
КАНАД УЛСАД СУРАЛЦАХ ХӨТӨЛБӨРҮҮД:
Хэлний мэдлэг олгох боловсрол
Албан ёсны хоёр хэлээр ярилцагч орны хувьд Канад нь Англи болон Франц хэлийг бүхий л түвшинд төгс эзэмших боломжтой газар юм. Жил бүр 130,000 орчим гадаад суралцагчид Канад улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн дагуу гадаад хэл сурахаар ирдэг.
Канадын улсын коллеж болон институтын боловсрол:
Өөрийн хүссэн мэргэжлээр, анги дүүргэлт бага, дадлага хийх боломжтой, хэрэглээнд тулгуурласан боловсролыг сонирхдог гадаад оюутнуудын хувьд коллеж болон институтэд суралцах нь маш тохиромжтой сонголт юм. Дадлагад суурилсан тэдгээр институтыг коллеж, технологийн институт, политехник, хэрэглээний технологийн коллеж, олон нийтийн коллеж гэх зэргээр нэрлэдэг.
Хичээлүүд нь англи эсвэл франц хэл дээр ордог, зарим тохиолдолд бүс нутгаасаа хамааран хос хэл дээр ч сурах боломж бий. Мөн коллежууд нь холын зайн сургалтыг санал болгодог онцлогтой. Одоогоор Канадад үргэлжлэх хугацааны хувьд ялгаа бүхий нийт 8000 гаруй хөтөлбөрүүд хэрэгжиж байна.
Их сургуулийн боловсрол:
Канад улсад 100 гаруй их дээд сургуулиуд 15,000 орчим бакалавр, магистр, докторын зэргийн бизнес, олон улсын харилцаа, сансар орон судлал, генетик, инженер гэх мэт төрөл төрлийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг санал болгодог. Канадад төгсөгчид нь дэлхийн эдийн засагт эерэг хувь нэмэр оруулахуйц чадварлаг боловсон хүчин болж чаддаг.